Нэг хөл нь шороонд, нөгөө нь шоронд байдаг гэх, хамгийн эрсдэлтэй мэргэжлүүдийн нэгд сэтгүүлч ордог. Үргэлж сайн, муугаар хэлүүлдэг ч бид гал түймэр, үер, зуд, гэмт хэрэг, халдварт өвчнөөс эхлээд улс төр, эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хаана өрнөж байна, тэнд үзэг, дэвтэртэйгээ очиж, төр, ард түмний гүүр байх чин үүргээ хэзээ ч орхигдуулж байгаагүй.
Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг үг, үйлдлээр гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, гэр бүлийн хүнийг нь заналхийлэх, мэдээлэл авах, цацахад нь санаатайгаар саад хийх, цаашлаад эрүүл мэнд, аминд нь халдах явдал гарах болсныг өчигдөр тохиосон Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрөөр мэргэжлийн байгууллагын төлөөллүүд ярив.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Манайхан мэргэжлийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулах, хуулийн туслалцаа авахдаа дутагдалтай. Зарим нь чимээгүйхэн явж байгаад торгуулаад өнгөрөх нь ч бий. Нөгөө талаар зарим сэтгүүлч мэдээ, материалаа нягтлаагүй, мэргэжлийн түвшинд бэлтгээгүйгээс өөрсдөө буруутдаг. Ийм байдлаасаа болоод мэргэжлийн байгууллагаас дэмжлэг авч чадахгүй байна.

Буруутай ч бай, үгүй ч бай бид гишүүдээ өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Энэ жилээс МСНЭ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран, хуульчдыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшүүлнэ. Учир нь сэтгүүлчдийн эсрэг зарга ирлээ гэхэд эрүүгийн хэргийн хуульч, өмгөөлөгч нар сэн нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр шалгахын оронд гомдол гаргасан талд нь үйлчлэх хандлага ажиглагдаад байгаа.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийг гэмт хэрэгтэн мэтээр харах тохиолдол ч байна. 2016 онд УИХ-ын сонгууль болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгой анхааралтай, хариуцлагатай ажиллах цаг ирлээ. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаарай” гэж хэлэв.
МСНЭ, Нээлттэй нийгэм форум, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага хамтран, Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан хоёр дахь жилдээ хэлэлцүүлэг өрнүүлж буй нь энэ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2013 оны арванхоёрдугаар сарын 18-нд дээрх өдрийг жил бүр тэмдэглэж байхаар 68/163 дугаар тогтоол баталсан байдаг. Өнгөрсөн зургаан жилд дэлхий дахинаа 540 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амийг хөнөөсөн хэрэг гарсан ч ердөө 10 хүрэхгүй хувийг нь хуулийн байгууллагаар шийдүүлсэн нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ямар ч ял шийтгэлгүй өнгөрч буйг гэрчлэх тоо юм.
Тэгвэл “Глоб интернэшнл төв”-ийнхөн 2005 оны аравдугаар сараас эхлэн Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийж буй аж. 2005-2015 оны нэгдүгээр сар хүртэл нийт 375 сэтгүүлчийн эрх зөрчигджээ.
Тус төвийн хуульч Д.Мөнхбүрэн “Зөвхөн манайд хандаж буй сэтгүүлчдийн эрх үүрэгт бид хяналт, үнэлгээ хийдэг. Судалгааны дүнгээс харахад бие эрхтэн, эрүүл мэндэд нь халдсан 22, сүрдүүлж, дарамталсан, доромжилсон 97, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийсэн 66, шүүх, хүчний байгууллагаар дарамтлуулсан 45, эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулж, хорьсон 48, нууц эх сурвалжийг нь хэлүүлэхийг албадсан 43 гээд нийт 375 сэтгүүлчийн эрхийг зөрчсөн явдал гарлаа.

2012 онд эрх нь зөрчигдсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 54.5 хувийг өдөр тутмын сонин, 23 хувийг телевиз, 13 хувийг сайт эзэлж байсан бол 2013-2014 онд гарсан нийт зөрчлийн 33.3 хувь нь вэб сайтуудтай холбоотой, 31.6 хувийг сонин, сэтгүүл, 28.1 хувийг телевиз эзэлж байх жишээтэй. Эдгээр зөрчлийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Тиймээс бид илтгэлдээ сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авахад нь халдсан хэргийг онцолж дурдсан байгаа. Тухайлбал, News.mn 2014 оны наймдугаар сарын 5-6-нд “Хурандаа нарын ард хэн байв”, “АТГ-ын дээр “хөх тэнгэр” л бий” гарчигтай нийтлэл гаргасны дараа уг сайтыг хакердаж, мэдээ, нийтлэлийн гарчгуудыг өөрчилж, доромжилсон үг хэллэгээр сольсон байсан.
News.mn сайтынхан ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газарт албан ёсоор хандсан ч хоёр сарын дараа “Хэрэг үйлдсэн этгээдийг тогтоох боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм. Мөн Amjilt.com сайтын сэтгүүлч гэрэл зураг, баримтад тулгуурлан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлсний маргааш нь “Хаан жимс” амралтын газрынхан нийтлэлийг устгахыг шаардаж, үгүй бол цагийн дараа сайтыг чинь хаана гэж сүрдүүлсэн.
Яг гурван цагийн дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны хар жагсаалтад уг сайтыг бүртгэн, хаасан хэрэг гарсан. Энэ мэтчилэн сэтгүүлчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө баривчлан хоригдсон, сүрдүүлэг дарамт, заналхийлэл, халдлагад өртсөн тохиолдол бүрт хуульт ёсны зарчим баримтлахыг эрх баригчдаас шаардаж байна” гэсэн юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 68/163 дугаар тогтоолоороо хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч, гэмт этгээдүүдийг шүүхийн өмнө авчрах, хохирсон хүмүүст хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байдаг.
“Сэтгүүлчид аюулгүй орчинд ажиллах тусмаа иргэдэд чанартай, үнэн бодит мэдээлэл хүргэнэ. Мэдээлэл хомсодсон нийгэм бүхэлдээ хохирдог тул сэтгүүлчийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг шийтгэхгүй өнгөрөөх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэргэжлийн үүргээ биелүүлэх боломжийг үгүй хийн, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэхэд саад тотгор учруулна” гэж салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
О.БАТ-УНДРАХ