Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварч, аавд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 39 дүгээр байрны таван давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна.
Дашрамд сануулахад, бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээсний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байгаа аж.