Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан талаар тодорхой мэдээлэл өгнө гэж сэтгүүлчдийг хүлээлгэсэн гишүүн Х.Баттулга өчигдөр болзсон цагтаа Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хамт ирэв. Тэд Тавантолгойн ордыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барих болсноо дуулгалаа.
УИХ-ын өнгөрөгч хаврын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг ахалж ажилласан Л.Эрдэнэчимэг гишүүн дээрх төсөлд 40 гишүүн гарын үсэг зурсныг онцолсон. Тэрбээр “Засгийн газар энэ ордыг ашиглах талаар дур мэдэн гэрээ байгуулж болохгүй.
Тиймээс ч ард түмнээс сонгогдсон УИХ-аар уг асуудлыг хэлэлцүүлэх ёстой гэж төсөлд тусгасан. Цаашид тус ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалт тус төсөлд бий.
Мөн шинэ төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж тусгасан. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн.
Тавантолгойн гэрээг байгуулахдаа дараах чиглэл барихаар заасан. Үүнд, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримтлах ёстой” гэлээ.
Үүний дараа Х.Баттулга гишүүнээс зарим зүйл тодрууллаа.
-Танд болсон явдлын талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Цагдаагийнхан энэ талаар мэдээлэл хийх байх. Цаашид Тавантолгойн ордтой холбоотой олон асуудал зохион байгуулалттайгаар хөврөх болов уу.
УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг баталсантай холбоотойгоор эсрэг, тэсрэг байр суурьтай тулгарч ирлээ.
-Зохион байгуулалттайгаар хөвөрнө гэсэн нь юу гэсэн үг вэ?
-Төмөр замын бодлого баталснаас хойш нарийн царигаар баялгийг зөөх гэсэн бүлэглэлтэй тулсаар өдий хүрсэн. Ер нь баялгийг хэн, хаашаа зарцуулах вэ гэсэнтэй холбоотой зүйл л өрнөөд байна. Ер нь баялгаас болж л асуудал үүсдэг шүү дээ. Хэн нь баялгийг барьж, эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна.
-Чингис бондоос төмөр замд 260 гаруй сая ам.доллар зарцуулсан ч юу ч хийгээгүй гэдэг.
-Тэр бол А.Гансүх сайдын үед хийсэн ажил.
-Таны үед юу хийсэн бэ?
-Намайг сайд байхад Засгийн газрын тогтоол, УИХ-ын шийдвэр гарч, төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн. Мөнгө өгөөгүй.
-Та Б.Батзаяаг буруугүй гэж бодож байна уу?
-Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч. Хуулиа мөрдөнө. Зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу. Мөрдөн байцаалтын шатанд элдэв зүйл ярьчихаар нөгөө хүмүүстээ хор болчих вий гэж бодож байна.
-Таныг шалгана гэсэн мэдээлэл байна.
-Шалгана шүү дээ. Дандаа л улс төрийн зорилгоор шалгадаг.
Б.УРАН