Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томуу дэгдэн, эмнэлгүүдийн ачаалал ид эхэлж байна. Ийм үед нийслэлд нэгэн сайхан үйл явдал боллоо. Баянгол дүүрэг Эрүүл мэндийн VII төвийн хуучин барилгаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засаж, тохижуулан Хүүхдийн иж бүрэн эмнэлэг болгон өнөөдөр хүлээлгэн өгөв. Нийт 500 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилж, 140 ортойгоор ашиглалтад оруулж буй нь энэ. Нийслэлчүүд ийн 32 жилийн дараа хүүхдийн өвчнийг цогц оношилж, эмчлэх эмнэлэгтэй боллоо.
Тус дүүрэг 0-16 насны 73 мянга гаруй хүүхэдтэй бөгөөд өмнө нь тэдний тал хувийг нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Хүүхдийн эмнэлэг рүү илгээдэг байсан юм. Харин сүүлийн гурван жилд эрүүл мэндийн шинэ цогцолбортоо Хүүхдийн тасаг нээж, мөн 100 ортой “Эмүжин” эмнэлэг ашиглалтад оруулснаар айлын хаяа бараадахаа больж, дүүргийнхээ хүүхдүүдийг өөрсдөө эмчлэх болжээ. Гэсэн ч өвлийн оргил ачааллын үед ор хүрэлцэхгүй хэцүүддэг байсан тухайгаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга У.Батжаргал хэлж байна. Тэрбээр “Баянгол дүүрэг хүүхдийн төрөл бүрийн өвчнийг оношлох, эмчлэх, сэргээн засах, өсвөр үе, нарийн мэргэжлийн гэсэн таван төрлийн эмчилгээ, үйлчилгээг 100 хувь үзүүлж чадахаар боллоо. Тодруулбал, хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв давхар нээсэн нь дэвшил юм. Бусад эмнэлгээс ялгарах онцлог нь эцэг эхчүүдийн уулзалтын болон хүүхдийн тоглоомын өрөөг тусад нь тохижуулсан. Мөн 140 ор бүгд хүүхдэд зориулсан, зөөлөн эдлэлтэй. Аль болох эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьсон юм. Манайд сүүлийн гурван жилд нэг ч хүүхэд эндээгүй, сайн ажиллаж байгаа” гэж ярив.
Шинээр ашиглалтад орж буй уг Хүүхдийн эмнэлэгт 50 эмч, эмнэлгийн ажилтан дотор, зүрх, судас, шүд, рентген, чих, хамар, хоолой, физик эмчилгээ, арьс өнгө, харшил, ЭХО болон лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж.