“Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдын төлөөлөл өчигдөр ТОСК-д шаардлага хүргүүлэв. Тус хорооллыг ашиглалтад оруулаад дөнгөж нэг жил өнгөрч буй ч агааржуулалтын систем, цонх, хаалганы битүүмжлэл муугаас дулаан алддаг, хана нь мөөгөнцөртсөн, чийг үнэртдэг зэрэг барилгын чанар муутай холбоотой цөөнгүй асуудал байнга үүсдэг байна. Оршин суугчид энэ талаар гүйцэтгэгч компанид удаа дараа гомдол гаргаж, засвар, үйлчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй гэнэ. Тиймээс ТОСК-д хандан, хорооллын оршин суугчидтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, үүссэн нөхцөлийн шалтгааныг мэргэжлийн түвшинд тогтоон, дүгнэлт гаргах, уг дүгнэлтээ үндэслэн бодит арга хэмжээ авахыг шаарджээ.
Тус хорооллын орон сууцнуудыг ашиглалтад оруулаад удаагүй байхад ийм нөхцөл үүсэж байгаа нь 15-20 жилийн хугацаатай зээлээр байр авсан иргэдэд хүндээр тусаж буй тул шаардлагыг нь хүлээн авахгүй тохиолдолд дараачийн шатны байгууллагад гомдол гаргаж, тэмцэхээ илэрхийлсэн юм.