Манай орон ойн нөөцийн эдэлбэрийн үнэлгээ хийлгэсэн анхны орон болсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өчигдөр мэдээллээ. Дэлхий дахинд газар эдэлбэрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хорооны 2012 онд болсон чуулганаар Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж баталжээ. Уг зөвлөмж эрх зүйн баримт бичиг биш ч эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг сайжруулах талаар гаргасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны баримт бичиг гэнэ. Үүнийг боловсруулахдаа дэлхийн 180 гаруй орны саналыг тусгасны дотор манай улс ч багтжээ. Улс орнууд үүнд тулгуурлан холбогдох хууль, тогтоомж, журам боловсруулахаас гадна байгууллага, аж ахуйн нэгжүүд төлөвлөж буй үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа, эсэхэд дүгнэлт хийж болдог гэнэ. Манай улс уг зөвлөмжийн дагуу ойн салбарын эдэлбэрийн үнэлгээ хийлгэж буй анхны орон болсон бөгөөд энэ талаар маргааш хэлэлцэх юм байна.
Эдэлбэр гэдэг нь хүн өмч, хөрөнгө ашиглах гэсэн утга илэрхийлж буй. Уг зөвлөмжид газар, загас, ойн нөөцийг ашиглах, эзэмших, өмчлөх зэрэг ашиглалтын бүх хэлбэрийг тусгасныг нийтэд нь эдэлбэр гэж нэрлэжээ.