Улсын хэмжээнд энэ онд 265.000 тонн үр тариа, үүнээс буудай 252.300, төмс 117.300, хүнсний ногоо 75.300, тосны ургамал 28.700, тэжээл 53.900 тонныг авахаар урьдчилсан баланс гаргасан.
Гэвч өнгөрсөн тавдугаар сард тариалангийн бүс нутгаар хүйтэрч, хур тунадас бага, зургадугаар сард 18-27 хоног хөрсөн дээр 60-64 градус хүрч халсан. Наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 20 хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас их орж, цаг уур таатай болсон нь тариа хэнзлэх, хогын ургамал түрж ургахад хүргэсэн юм.
Үүнээс гадна есдүгээр сарын 24-30, аравдугаар сарын 6-7-нд нийт нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, ургац хураах ажлыг сааруулсан зэрэг шалтгааны улмаас урьдчилсан балансаар тогтоосон ургацын хэмжээ 30 орчим хувиар буурах гэнэ.
Одоогоор төмсөө 100 хувь, үр тарианы 93.4 хувийг хураажээ. Нийт 50.700 га-г ангилан хадаж, 50.000 га-г цайруулан, 228.400 мянган га талбайн ургацыг шууд хураасан байна.
Ингээд 211.300 тонн үр тариа, үүнээс 200.000 тонн буудай авч, гурил үйлдвэрлэлд 108.000 тонныг нь нийлүүлээд буй аж.
Ч.ЗУЛ