Хотын нутаг дэвсгэр дэх барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн аврах гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар буулгаж эхэллээ. Нийслэлийн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран аравдугаар сарын 28-наас хяналт шалгалт хийж, шуурхай албаны автомашин очих зам, гарцыг хязгаарлаж, хаасан обьектуудыг тогтоон, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол чөлөөлүүлэх арга хэмжээ авч байгаа аж.
Мөн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэхийг шалган, хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж, нийтийн эзэмшлийн талбайг нарийсгасан, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан, өндөрлөг газар болон өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан айл өрхүүдэд шуурхай албаны автомашин очих боломжтой үгүйг ч шалгах гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газраас төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй энэхүү хяналт шалгалтыг өнөө жил дүүргүүдийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас дэмжлэг авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж буйгаараа онцлог юм байна.