Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн, хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнийг нийслэлийн ойг тохиолдуулан урамшууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бусдаас мөнгө нэхэлгүй өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ баярлалаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд нийслэлээс жил бүр анхаарч байгаа. Та бүхнийг ногоон байгууламжаа арчилж тордон, цэцэг, мод тарих ажлаа цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Харин хашаандаа мод тарьсан иргэдийн төлөөлөл “Нэг мод таривал нэг насны буян. Хоёр мод таривал хойд насны буян” гэсэн сэтгэлээр энэ ажилд дурласнаа хэлсэн юм. Бас “Бид мөнгө олох гэж мод, бут, сөөг тариагүй. Орчноо сайхан харагдуулж, агаарын бохирдлыг багасган, үр хүүхдэдээ үлгэр дууриал үзүүлэх гэж мод тарьж байна. Гэтэл инженерийн шугам сүлжээний ажил хийх гэх мэтээр бидний тарьсан модыг сүйтгэихээд нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүсийг харахад үнэхээр хэцүү санагддаг” хэмээн санал бодлоо нээлттэй илэрхийллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2013 онд 510, 2014 онд 957 айл өрхөд нийтдээ 56 сая төгрөгийн урамшуулал олгосон аж. Энэ оны урамшуулалд 20 гаруй сая төгрөг төсөвлөжээ.