Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар Монгол, Солонгосын политехник коллежид автомашины кузов засварчны анги нээсэн нь манайдаа анхных болов. Хөдөлмөрийн зах зээлд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ их, бас дээрх сургуульд кузов засварчны анги нээх сургалтын материаллаг бааз, боловсон хүчний нөөц хангалттай байгааг харгалзаад тэрбээр ийм шийдвэр гаргажээ.
Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том, жижиг 700 орчим аж ахуйн нэгж байгаагаас кузов засвараар дагнасан нь ихэвчлэн гадаадынхан байдаг аж. Тэгвэл өчигдөр Монгол, Солонгосын политехник коллежид нээгдсэн автомашины кузов засварчны үндэсний мэргэжилтэн бэлтгэх анхны ангид 25 суралцагч бүртгүүлжээ.
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй автомашины тоог дагаад засвар үйлчилгээний томоохон зах зээл бий болсон. Одоо энэ зах зээлд монголчууд өөрсдөө оролцох цаг болсныг тус сургуулийн удирдлагууд онцолж байв. Нээлтийн ёслолын үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Суралцагчид сургууль дээр олж авсан мэдлэг чадвараа бүрэн дайчилж, “монгол авто кузов засвар” гэсэн үндэсний брэнд бий болгохын төлөө хичээнэ гэдэгт найдаж байна. Монгол ажилтантай авто кузов засварын газрыг Хөдөлмөрийн яамнаас бодлогоор дэмжинэ. Цаашид энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа” хэмээлээ.