Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг засаж сайжруулах, шинээр барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийн эхний хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны долдугаар сараас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг Францын “Артилла Вилла Транспорт” ХХК-тай байгуулсан бөгөөд ТЭЗҮ-ийг танилцуулах эхний шатны хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ нээв.
Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Артелла вилла транспорт” компани нь олон улсад цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлэх туршлагаараа тэргүүлж буй дэлхийн 17 оронд 25 салбартай юм байна. Манай одоогийн төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон, өдөрт 4500 шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Ашиглалтын явцад 1979, 1986 онд өргөтгөл хийж, хүчин чадлыг нь 150 мянган шоо метр болгон, зөвхөн ахуйн бохир ус цэвэршүүлэх зориулалттай болгосон юм. Гэвч цэвэрлэгээний хүчин чадал хэт их ачаалалтай болж, өдөрт 165-170 мянган шоо метр бохир ус татан зайлуулдаг. Нийт ирж байгаа бохир усны 40 хүртэлх хувь нь үйлдвэрийн ба технологийн бохирдолтой ус ирдэг байна. Цэвэрлэх байгууламжийг анх барихдаа ахуйн бохирдлыг цэвэрлэх технологиор хийсэн боловч өнөөгийн байдлаар үйлдвэрлэл ихэссэнтэй холбогдон технологийн бохирдол ихтэй болжээ. Дээрх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу иж бүрнээр нь шинэчилж, өргөтгөх төлөвлөлтийг хийж байна.