“Амрахаараа, нэг завтай өдрөө цөсөө сайн угаана аа” гэх хүмүүс бишгүй тааралддаг. Эрүүл мэнддээ санаа тавьж байгаа нь сайн хэрэг боловч үнэндээ өөрийн дураар хэзээ ч хамаагүй цөсөө угаах нь буруу гэнэ. Учир нь хүний бие организм биднийг хүссэн ч хүсээгүй ч байгаль цаг уурын нөлөөллөөс үргэлж хамааралтай байдаг. Тиймээс жилийн дөрвөн улирлын алинд нь цөсөө угааж, хэдийд нь элэг, гэдэс дотроо цэвэрлэх вэ гэдэг хүртэл байгалийн хуулиар зохицуулагддаг байна. Буруу хооллолтоос болоод өдгөө бага насны хүүхдийн цөс хүртэл өтгөрөх нь элбэг болсон аж. Ер нь 16-60 насны хүмүүс цөсөө өвдсөн, өвдөөгүй жилд дор хаяж хоёр удаа заавал туулгаж угаах ёстой гэнэ.
Уламжлалт анагаах ухаанд цөсийг намар угааж хэвшвэл өвдсөн үед нь эмчилгээ, өвдөөгүй бол урьдчилан сэргийлэх арга болдог гэж үздэг. Цөс угаах олон төрлийн арга байдгийг монголчууд андахгүй. Уламжлалт анагаах ухааны туулга нь зөвхөн цөс угаах бус, бүдүүн, шулуун гэдсийг давхар цэвэрлэдэг байна. Ингэснээр цөс өтгөрөх, нугаларах, чулуужих эмгэг болон хоол шингэхгүй байх ходоод, нойр булчирхайн өвчнөөс сэргийлдэг аж.