Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сум үйлдвэрлэдэг этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ. Уг хэргийг 55 настай Алтансүх гэгч гэр бүлийнхэнтэйгээ хамтран үйлдсэн аж. Тэднийг шалгах явцдаа хэд хэдэн газарт хийсэн нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багаж болон хошуу, хонгио 2000, сумны хошуу 1900, тэслэгч бялт 5000 ширхэг болон их хэмжээний дарь, олон тооны сум хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүд бууны хэлбэр, загвар, зориулалт, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж. Гэмт этгээдүүд дээрх эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185, 188 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.