Нийслэлийн Баянгол дүүргийн Алтай хотхоны наймдугаар байрны гадаах авто зогсоол дээр байсан машинуудын цонхыг хагалсан хэрэг энэ сарын 2-3-нд шилжих шөнө гарчээ. Дуудлагын дагуу 07.30 цагийн үед цагдаагийн байгууллагын ажилтнуудыг очиход “Хариер”, “Кроун”, “Приус 20”, “Лексус 470” зэрэг 12 автомашины гурвалжин цонхнуудыг хагалсан байж. Мөн тус дүүргийн III хорооны гуравдугаар байрны гараажид байсан “Клүгер”, “Кроун”, “Хайландер” машины гурвалжин цонхыг мөн энэ шөнө хагалсан байна. Эдгээр машинуудын цонхыг хагалсан ч дотроос нь эд зүйл хулгайлаагүй байсан тул танхай этгээдүүд уг хэргийг хорлон сүйтгэх зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэнэ. Баянгол дүүргийн Цагдаагийн I, II хэлтэст уг хэргийг шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.