Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан Нийгмийн даатгалын ерөнхий газартай холбоотой асуудлаар өнөөдөр НДЕГ-аас Тэтгэврийн нэгдсэн хяналтыг зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар 2013-2015 онд НДЕГын даргын шийдвэрээр “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах” арга хэмжээг зохион байгуулж, 148 хүнтэй холбоотой 164.9 сая төгрөгийн зөрчлийг илрүүлж ажилласан аж. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарын тэтгэврийг ар гэрийнхэнд нь олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой байдаг. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байсныг дотоод шалгалтаар илрүүлж, өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар 141.1 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг барагдуулжээ. Үүний хохирлыг арилжааны банк эрсдлийн сангаасаа гаргаж мөн тодорхой хувийг ар гэрийнхэн нь хариуцаж барагдуулсан аж.
Харин цагдаагийн байгууллагаас 10 мянга гаруй нас барагсдын тэтгэврийг үргэлжлүүлэн олгож, арилжааны банкнаас зээл авах замаар Нийгмийн даатгалын ажилтнууд 45 гаруй тэрбум төгрөг завшсан тухай үндэслэлгүй мэдээлэл өгч байгаад харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Мөн тэдний мэдэгдэж буйгаар тэтгэврийн зээл нь арилжааны банк болоод тэтгэвэо авагч иргэн хоорондын харилцаагаар зохицуулагддаг ба нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудаас дундаас нь оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал хэлэхдээ “Нийслэлийн нийгмийн даатгалын газар дүүргүүдтэйгээ нийлээд 434 ажилтан, албан хаагч ажилладаг. Зөвхөн татварын байгууллагуудтай жишихэд Нийслэлийн татварын газар дүүргүүдтэйгээ нийлээд 1500 гаруй ажилтантай. Тэд жилд 585 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. Бид нэг их наяд төгрөг төвлөрүүлж, тэтгэвэр тэтгэмж цаг тухайд нь тавьдаг. Нэг хоёр хүний хийсэн байж болзошгүй зүйлийг салбар, системийн асуудал болгож байгаад харамсаж байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас манай байгууллагад хяналт шалгалт хийж байгаа. Шүүхээр тогтоогдоогүй байгаа зүйлийг нотлох баримтгүйгээр ярих нь буруу. Төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт орсон. Гэтэл ганц хоёр зөрчил илрүүлээд эхлэнгүүт ингэж мэдээлэл хийж, нийт системийн хэмжээгээр нь ярьж байгаад туйлын их харамсаж байна. Эрүүгийн цагдаагийнхан есдүгээр сарын дунд үеэс шалгалт хийж эхэлсэн. Цагдаагийн байгууллага ямар нэгэн хяналт шалгалтыг эцсийн байдлаар нягтлаад дүнгээ манай удирдлагуудтай уулзаад сууж байгаад албан ёсоор танилцуулаад, хүлээн зөвшөөрөхгүй бол цааш нь шүүх шатны байгууллагаар явах л ёстой” гэлээ.