Дорноговь аймгийн Замын-Үүд сумынхан таван давхар шүүлтүүрээр шүүсэн цэвэр ус ундандаа хэрэглэдэг боллоо. БНХАУ-ын 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тус суманд ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир цэвэрлэх байгууламж, 90 мегават хүчин чадалтай дулааны зуух барьж, ашиглалтад оруулжээ. Эдгээрийг БНХАУ-ын төрийн өмчит “China camc engineering” компани гурван жилийн хугацаанд барьсан байна. Замын-Үүдийнхэн өмнө нь дан шүүлтүүрээр шүүсэн, хатуулаг ихтэй ус ундандаа хэрэглэдэг, өөр газраас очсон хүмүүс гуанзанд нь хооллоод гэдэс нь гүйлгэдэг байв. Тэгвэл одоо автомат удирдлагатай, таван давхар шүүлтүүртэй, ус цэвэршүүлэх орчин үеийн төхөөрөмжтэй болоод байна.