Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байхад ЗХЖШ, Хил хамгаалах ерөнхий газар дэргэдээ Хилийн болон Цэргийн тагнуулын газартай байсан. Харин өнгөрсөн зун хуульд өөрчлөлт оруулж, дээрх тагнуулын албадыг Тагнуулын ерөнхий газрын харьяанд нэгтсэн юм.
Үүнээс өмнө Хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтнууд хууль бус үйлдэлд холбогдсон байсныг нь саяхан шалгаж эхэлж буй бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нарыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.
Түүгээр зогсохгүй дээрх хоёр хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Энэ талаар ХХЕГ болон ТЕГ-ынхнаас тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Прокурорын байгууллагын эх сурвалж “Хилийн тагнуулын албанд эрх бүхий албан тушаал хашиж байсан хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор ямар хэрэгт холбогдсон талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Г.РАВЖАА