Монголчуудыг тэр дундаа энгийн иргэдийг маш их айлгадаг “мангаа” бий. УИХ 2016 оны улсын төсөв хэлэлцэн, Сангийн яамныхан хаанаас яаж мөнгө олох билээ хэмээн толгойгоо гашилгаж, гааль, татварынхныг “Мөнгө олж ир” хэмээн чангалж буй энэ үед “мангаа” дахин амилав. Тэр хамаг юмны суурь үнэ ханшид нөлөөлдөг, сургаар нь дажин үүсдэг. Давсалж хэлбэл гашуун усанд дуртай нөхдийн архи уух шалтаг ч болдог.
2014 оны сүүлчээс эхлээд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж эхэлсэн ч маньд наалдаагүй. Яагаад гэж асуухаар “Газрын тосны гадаадаас авах үнэ хямдарлаа ч валютын ханш өндөр байгаа учраас” гэж эрх баригчид биднийгээ молигддог.
Тэгээд бас болоогүй “Засгийн газар, Монголбанктай хамтарч “Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд бензин шатахууны үнэ нэмэгдээгүй” гэсэн тайлбар дагалдуулахыг яана.
Хямдарна гэж горьдохын оронд нэмэгдэхгүй байгаад нь баярла гэсэн утгатай энэ үгэнд нь тийм ч юм уу гэж тээнэгэлзэх хүн олон. Харин одоо тэрхүү “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нь ард түмнээ удаан баярлуулж чадахааргүй болж байх шиг.
УИХ 2006 оны зургадугаар сарын 29-нд баталсан Онцгой албан татварын тухай хуулиар хилээр оруулж ирж байгаа авто бензин, дизель түлшийг нэвтрүүлэх боомтоос хамааруулан онцгой албан татварын хувь хэмжээг өөр өөр байхаар заасан.
Цагааннуур, Ярант, Боршоо, Бургастай, Бичигт зэрэг боомтоор оруулж ирсэн нэг тонн А-92 бензинээс 0-217.000, дизель түлшнээс 0-221.000 төгрөгийн татвар авдаг бол Ханх, Ульханаар оруулж ирсэн А-92 бензинээс 0-229.000, дизель түлшнээс 0-226.000 төгрөгийн татвар суутгадаг.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулагаар импортолсон А-92 бензинд 0-252.000, дизель түлшинд 0-265.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулдаг. Гэтэл Засгийн газар бензин түлшний гаалийн болон онцгой албан татварын дээд хязгаарыг өөрчлөх замаар мөнгөтэй болох төсөл боловсруулжээ.
Уг төсөлд Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа А-80 бензиний онцгой албан татварын дээд хязгаарыг 200.000 төгрөгөөр нэмж 0-452.000, АИ-92 бензиний онцгой албан татварыг мөн 200.000 төгрөгөөр нэмж 459.000, дизель түлшнийхийг 300.000 төгрөгөөр өсгөж 565.000 төгрөг болгохоор тусгасан байна.
Онцгой албан татварын хэмжээг бараг хоёр дахин нэмчихээр нефть импортлогчид хэрэглэгчдэд зардаг бензин шатахууныхаа үнийг өсгөж таарна. Энэ бол баараггүй зүйл. Гэтэл Засгийн газар үүн дээр нэмээд гаалийн татварынхаа хэмжээг өсгөхөөр төлөвлөж байна.
УИХ 1999 оны зургадугаар сарын 3-нд 27 дугаар тогтоол гарган, газрын тосны гаалийн татварыг 0-5 хувь байхаар заасан. Ингэхдээ татвараа тэглэх үү, таван хувийн татвар ногдуулах уу гэдгийг шийдэх эрхийг Засгийн газарт олгосон юм. Энэ эрхийнхээ дагуу Засгийн газар 2011 оны арваннэгдүгээр сард газрын тосны бүтээгдэхүүний онцгой болон гаалийн албан татварыг тэглэж байв.
Бензин шатахууны хилийн үнэ өсөхөд татвараа багасгаж, хилийн үнэ хямдрахад татвараа бууруулах замаар засаг шатахууны үнийг тогтоон барьдаг. Ингэ гэж л УИХ татварын хэмжээг 0-5 хувь гэх зэргээр ялгаатай заасан билээ.
Энэ дагуу Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 19-нд 17 дугаар тогтоолоороо нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг таван хувиар тогтоож, Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцаваар оруулж ирж буй шатахуунд онцгой албан татварын хамгийн дээд хэмжээг оноож ирлээ. Тухайлбал, АИ-92 бензинээс 259.000 төгрөгийн татвар авч байгаа.
Гэтэл одоо үүнийгээ бараг хоёр дахин нэмэх гэж байдаг. Үүн дээр нэмээд гаалийн татварыг хоёр дахин нэмж 10 хувь болгох гэж байна.
Сохор зоосгүй Засгийн газар мөнгөтэй болохын тулд ийн ард түмний халаасыг хоослох гэж байна. Учир нь шатахуун импортлогчид улсад төлөх татвараа энгийн иргэдээс авчихна. Энэ оны аравдугаар сард ОХУ манай улсад нэг литр дизель түлшийг 868 төгрөгөөр нийлүүлж байв.
Үүн дээр гаалийн болон онцгой албан татвараа нэмээд, импортлогчид нэг литр түлшээ 1450 төгрөгөөр бөөндөж байгаа. Харин хэрэглэгчдэд 1790 төгрөгөөр борлуулдаг. Тэгвэл шатахууны татварыг нэмчихвэл литр түлшний бөөний үнэ хамгийн багадаа 350 төгрөгөөр нэмэгдэж, 1800 болох тооцоо гарч байна.
Тэгвэл бид ШТС-уудаас литр түлшийг 2000 төгрөгөөр авах нь. Энэ юу гэсэн үг болохыг хэн ч ойлгоно. Нийтийн тээврийн компаниуд тасалбарынхаа үнийг нэмнэ, Долоон буудлын Должин эмээ ч зах дээр аваачиж зардаг цайныхаа үнийг өсгөнө. Бүх юмны үнэ нэмэгдэнэ. Үүнийг хэн ч хүсэхгүй.
Х.БОЛОРМАА