Айл өрх, албан байгууллагууд өвлийн бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдэд Төв аймаг руу нүүрс ачсан цуваа хөдөллөө. Тус аймгийн зорилтот бүлгийн 1600 өрхийг нүүрсээр хангаж, өрх бүрт нэг нэг тонн нүүрс өгөх “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболд санаачлан хэрэгжүүлж буй нь энэ аж. Төслийг “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага, “Петро коал” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа гэнэ. “Петро коал” ХХК-ийн захирал М.Мөнхбаясгалан “Бид орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийнхаа орлого багатай, дэмжлэг шаардсан иргэдэд бага ч болов туслахыг зорьсон” гэв. Төсөлд хамрагдах 14 сумыг тээврийн зардлаас шалтгаалан “Петро коал”-ын уурхайтай ойр байршилтайг нь сонгосон бөгөөд энэ долоо хоногт багтаан нүүрсийг айл өрхүүдэд тараах гэнэ.