Анагаах ухааны төв номын сан бууриа сэлгэж, хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх номын шинэ өргөөтэй боллоо. Долоон давхар, 150.000 гаруй номтой эл өргөөнд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий уншлагын зургаан танхим, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудалтай цахим номын сан, 56 хүн зэрэг суух эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын болон 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчлэхэд бэлэн болжээ. Будаг нь ханхалсан энэ өргөөг орчин үеийн номын сангийн жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь илт. Бүрэн автомат галын дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт, гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологид суурилсан харилцаа холбооны хяналтын цогц системүүд байршуулсан байна. АШУҮИС 2013-2024 оны бизнес төлөвлөгөөндөө “Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, Ази, Номхон далайн Баруун эргийн бүсийн анагаах ухааны топ 100 сургуулийн нэг болох” зорилт тавьсны дотор номын сангийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго нь ийн биелэлээ оллоо. Нэг үгээр хэлбэл, тэд үндсэн фондоо нээлттэй үйлчилгээнд шилжүүлсэн анхны номын сан болж буй юм.
Чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын танхим болон монгол, орос, англи хэлээрх ном, сэтгүүлийн уншлагын танхимыг байгуулсан нь ховор хуучин, хувь цөөнтэй номыг фондонд уншуулах, эсвэл хувилан олшруулах үйлчилгээг хэрэглэгчдэд нэг дороос үзүүлэх боломжтой болсон гэсэн үг. Одоогийн байдлаар цахим 5053 ширхэг ном, 9805 мультимедиа, эрдмийн 942 бүтээл, 158 лекцийг цахимжуулж, уншигчдын хүртээл болгожээ.