Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“МБР” ХХК-ийн зүгээс “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг хүссэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлш чухал ач холбогдолтой. Тиймээс та бүхний төсөл бодит ажил болж чадвал бид түлш борлуулах цэг байгуулж, дэмжиж ажиллах боломжтой гэлээ.
Уг төсөл нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд орчин үеийн технологиор утаагүй түлш үйлвдэрлэн гаргах юм. Утаагүй түлшийг Монгол Улсын стандарттай харьцуулахад зуухны яндангаар гарах нийт тоосонцорын хэмжээ 27.8 дахин бага, угаарын хий 2.3 дахин бага, хүхрийн давхар исэл болон хүхэрт устөрөгч 1.05 дахин бага байна. Мөн тус технологи нь нүүрсний илчлэгийг 1500-2000 ккал/кг-аар нэмэгдүүлж, агаарын бохирдлыг 60 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ