Хөдөлмөрийн яам, “Оюутолгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) 2019 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Манай улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж буй. Үүний хүрээнд Дорнод, Өмнөговь, Дархан-Уул аймаг дахь политехник коллежуудад түшиглэн тодорхой мэргэжлээр “Чадамжийн төв” байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Дорнод дахь политехник коллежид үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны, Дархан-Уул дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн, Өмнөговь дахь политехник коллежид гагнуур, үйлдвэрлэлийн болон автомашины механик, хүнд машин механизмын операторын мэргэжлийн чиглэлээр “Чадамжийн төв” байгуулахад гурван тал хамтран ажиллах аж.
Санамж бичигт тусгаснаар Хөдөлмөрийн яам сургалт болон хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулахын тулд багш, суралцагчдыг байрлуулах байр, томилолтын зардал, бусад зохион байгуулалтын үйл ажиллагааг удирдамжаар хангах зэрэг үүрэг хүлээх гэнэ. Тэгвэл Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг политехник коллежууд дахь “Чадамжийн төв”-д үйлдвэрлэлийн дадлага, сургалтын орчин бий болгох, бүсийн арга зүйн төвтэй хамтран багш нарыг мэргэшүүлэх, зөвлөхүүдийг томилон ажиллуулах аж. “Оюутолгой”-н хувьд төслийн хүрээнд хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхийн хамт Дорнод аймаг дахь коллежид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмжөөр хангахаар болж буй. Тус компанийн ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Энэхүү санамж бичгийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд “Чадамжийн төв”-үүд байгуулахад нэг сая орчим ам.долларын хөрөнгө оруулна. Үүнээс гадна 2010 оноос хойш нийгмийн болон боловсролын хөтөлбөрүүдийг бид 90 гаруй сая ам.доллараар санхүүжүүлсэн” хэмээн ярилаа.
Ц.Болор