2009-2014 онд захирагч нь байхдаа одоогийн Ерөнхий сайд Маттео Ренцийг улсын хөрөнгө хувьдаа ашигласан, тодруулбал, төсвийн мөнгөөр зоогийн газарт тооцоо хийсэн хэмээн сэжиглэн Италийн Флоренц хотын шүүх шалгаж байгаа аж. Хэвлэлд бичсэнээр бол 2014 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллаж буй тэрбээр 600 мянга орчим евро үрсэн хэмээгдэн шүүхэд дуудагдах дээрээ тулаад буй юм байна. Энэ хэл амны нэг гол “этгээд” болсон Ром хотын захирагч Иньяцион Марино өнгөрсөн сарын 8-нд огцорчээ. Түүнийг өөрөө болон гэр бүлдээ зоог барихад 20 мянга шахам евро улсын халааснаас зарцуулсан гэж үзсэн бөгөөд учруулсан хохирлоо төлье гэсэн ч ажлаас нь чөлөөлөхөөр шийдсэн байна.
Италийн цагдаагийн байгууллага авлигын хэрэгт хардан энэ оны зургадугаар сарын 4-нд 44 хүн баривчилсны дотор улстөрч, бизнесменүүд ч байгаа юм. Тэд дүрвэгсдийг байршуулах газар руу хувиарлах бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бололтой.
Маттео Ренци их залуу Ерөнхий сайд юм. Энэ нь Италид тун ховор явдал. Ренци 1975 оны нэгдүгээр сард дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж мэндэлжээ. Эгч, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй аж. Ренци их сургуулийн хууль зүйн салбарын оюутан болсон цагаасаа улс төр сонирхсон байна. Чухам энэ үедээ 1996 онд Италийн Ардын намд элсэв. Их сургуулиа төгсмөгц 1999 оны эцсээр 24 настайдаа төрөлх Флоренц хотынхоо намын байгууллагын удирдагч боллоо. 2004 оны зун Флоренц мужийн даргын сонгуульд зүүн төвийн эвслээс нэрээ дэвшүүлэн оролцож 58.8 хувийн санал авч ялан Италийн түүхэнд мужийн захиргааны хамгийн залуу захирагч болоод татварыг багасгаж, аппаратын болон мужийнхаа удирдах ажилтны тоог хоёр дахин цөөлөв. 2009 онд Флоренц хотын захирагчийн сонгуульд өрсөлдөөд 47.5 хувийн санал авахад гол өрсөлдөгч, нэрт хөлбөмбөгчин, баруун төвийн нэр дэвшигч Жованни Галли 32 хувийн дэмжлэг хүлээсэн байлаа. Хоёрдугаар шатанд нь ч 60 шахам хувиар ялж, 2010 онд мөн л улсдаа хотын хамгийн залуу захирагч болов. 2014 оны хоёрдугаар сарын дундуур Ренци Ардын намын шийдвэрээр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээр болсон тул хотын захирагчийн албанаас огцорч буйгаа зарлалаа. Үүнээс өмнө 2012 онд Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэх эрх авахын төлөөх урьдчилсан сонгуульд АН, Социалист нам оролцсон эвслээс нэрээ дэвшүүлж, таван хүн өрсөлдөхөд хоёрт оржээ. Гэвч хоёрдахь шатанд өрсөлдөгчөөсөө нэлээд хол хоцорлоо. Харин 2013 оны эцсээр намынхаа үндэсний нарийн бичгийн даргаар сонгогдов. Тэрбээр авьяаслаг илтгэгч гэгдэх болж, зарим нь “Бага Берлускони” гэж хэлдэг болов.
Шинэ албанд ороод Ренцид тулгарсан асуудлуудын нэг нь Парламентын сонгууль явуулах дүрэм журамд өөрчлөлт оруулах явдал байлаа. Сонгуулийн хуулийн шинэ төслийн үндсэн заалтуудыг томьёолох асуудлаар тохиролцоонд хүрэхээр тэрбээр Берлусконитой ч яриа хөөрөө хийж байлаа.
Италид улс төрийн хямрал нэгэнт нүүрлээд байсан 2014 оны эхээр Ардын намын удирдлага Маттео Ренцийг шинэ Засгийн газрыг тэргүүлэхийг санал болгоход сонгууль явуулахгүйгээр энэ суудалд очихоос татгалзлаа. Гэтэл Ерөнхий сайд Энрико Летта огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Жоржо Наполитанод өгснийг ёсоор болгож орхив. Ерөнхий сайдыг өргөдөл өгснөөс гурав хоногийн дараа Ренцийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав. Тэдний яриа нэг цаг хагас үргэлжилж, Ренци гарч ирээд шинэ Засгийн газар эмхлэн байгуулахыг Төрийн тэргүүн түүнд даалгасныг сэтгүүлчдэд дуулгасан юм. Ерөнхий сайдыг ийн томилж буйг ардчилсан биш алхам гэж үзэж ээлжит сонгууль явуулахыг шаардах хүн олон байлаа. Түүнээс гадна Парламентын хоёр танхимын депутатын олонхийн дэмжлэг хүлээнэ гэж Маттео Ренци найдахад тийм ч амаргүй байв.
Хоёрдугаар сарын 19 гэхэд Ренци улс төрийн гол гол хүчний төлөөлөгчидтэй зөвлөлдөөд дууссан байлаа. Шинэ танхимд итгэл үзүүлэх, эсэх асуудлаар Парламент тав хоногийн дотор санал хураахад саад болох зүйлгүй бөгөөд Италид маш ашигтай, тодорхой хөтөлбөрийн баримт бичиг маргааш нь бэлэн болгоно гэж Ренци амлалаа. Тэгэхдээ Сайд нарын танхимынхаа бүрэлдэхүүнийг энэ удаа танилцуулсангүй. Гэлээ ч хоёр хоногийн дараа танхимын 16 гишүүний нэр бэлэн, тэн хагас нь эмэгтэй хүн байв. Засгийн газар эрх мэдлээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуустал буюу 2018 он хүртэл хадгалах болно гэсэн зоригтой мэдэгдэл Ренци хийлээ.
2014 оны хоёрдугаар сарын 22-нд шинэ Ерөнхий сайд, Засгийн газар тангаргаа өргөлөө. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын цохидог хонхыг хүлээлцэхдээ хуучин, шинэ хоёр Ерөнхий сайд урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр биедээ хүйтэн хандахыг овтой сэтгүүлчид олоод анзаарчихсан байв. Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ эрч хүч муутай хандаж байна гэж шинэ нь хуучнаа нэг бус удаа шүүмжилж байсан юм. Гурав хоногийн дараа Сенатад санал хураахад Ренцийн тэргүүлсэн Засгийн газарт 160 нь итгэл үзүүлж, 139 депутат татгалзсан байна. Эсэргүүцэгчдийн дотор Берлусконигийн “Урагшаа, Итали” намын төлөөлөл байв. Санал хураахын өмнө Засгийн газрынхаа үндсэн зорилтыг тодорхойлж Ерөнхий сайд хэлэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад хийх өөрчлөлтийг тэргүүн зэрэгт тавьж, эдийн засаг, шүүхийнхийг дараа нь оруулав. Ренцийн Засгийн газрыг Италийн парламентын хоёр танхим хоёул дэмжлээ. Депутатуудын өмнө тэрбээр хэлсэн үгэндээ хүнд суртлын эсрэг тэмцэж, татварыг багасгаж, ажлын шинэ байр бий болгож эдийн засагт “хувьсгал” хийхээр амлав. Түүний үгийг шолхийсэн алга ташилтаар хүлээн авч, голлох хэвлэлүүд “Маттео Ренци Засгийн газрынхаа биш, өөрийнхөө хөтөлбөрийг танилцууллаа” хэмээн шүүмжлэв.
2014 оны тавдугаар сарын 25-нд болсон сонгуульд Италийн Ардын нам Европын парламентад ногдсон 73 суудлын 31-ийг нь авлаа. Энэ бол том ялалт байв. Түүнээс гадна 2014 оны сүүлийн хагаст Итали улс Европын холбоог даргалах байлаа. Энэ үедээ Европын холбооны түвшинд төсвийн хомсдлыг ДНБ-ий гурван хувьд байлгах шаардлагаас татгалзаж, эдийн засагтаа түлхэц өгөх зорилгоор шинжлэх ухаан, боловсролд нэмэлт хөрөнгө оруулах бодлого баримтална хэмээн үндсэн зорилтоо Ренци тодорхойлсон байна. Түүнээс гадна хууль бус цагаачлалын асуудалд Европ нэгдмэл байр суурьтай, тухайлбал, тэднийг Газар дундын тэнгисээр буцаахын төлөө байх болно хэмээн Ренци мэдэгдэв.
Италийн Гадаад хэргийн сайд хатагтай Федерика Могеринийг Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчөөр ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлсэн чинь Польш, Эстони, Латви зэрэг Дорнод Европын орны төлөөлөгчид Оросын талыг хэт баримталдаг хэмээн шүүмжлэх болов. Орост нааштай ханддаг гэж тэд Ренцийг үзэж байлаа. Гэлээ ч Могеринийг уг албанд Ренци томилуулж дөнгөв. Европын холбоог Итали улс зургаан сар даргалсны үр дүнгийн талаар 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Страсбург хотноо Европын парламент дээр Ренци Европын орнуудыг цаашдаа илүү ойртохыг уриалаад, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хана хэрэм босгох гээд байгааг шүүмжилж, Дантегийн “Тэнгэрлэг комеди”-гийн Одиссейн “Хүмүүс бид мал шиг амьдрах биш, буян үйлдэх гэж, мэдлэгтэй болох гэж бүтээгдсэн юм шүү” гэсэн үгийг эш татсан аж. Италийн Ерөнхий сайд Маттео Ренци 2015 оны гуравдугаар сарын 4-нд Киевт айлчилж Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзахдаа улсынхаа тусгаар байдлыг хангахын төлөөх зарчмын байр суурийг нь, Минскийн тохиролцоог биелүүлэхийн төлөөх чармайлтыг нь дэмжиж буйгаа илэрхийлж, Европын холбооны зүгээс эдийн засгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв. Мөн Италийн компаниуд Украинд шинэ технологи оруулж ирэх, хувьчлалд оролцох нь зүйтэйг тэмдэглэлээ.
Энэ өдрийн үдээс хойш тэрбээр Москвад хүрэлцэн ирж, маргааш өглөө нь Борис Немцовын дурсгалд хүндэтгэл үзүүлээд Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг ярилцлаа. Тэд Донбасс дахь зэвсэгт зөрчилдөөнийг зохицуулах, Сири дэх дайн, Ливи дэх зэвсэгт тэмцлийг зогсооход “Исламын улс”-ын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн хийж буй тэмцэлд Оросын гүйцэтгэх үүргийн талаар санал бодлоо солилцов. Мөн Европын холбоо болон Италитай Орос улс хамтран ажиллах боломжуудыг хөндөв. Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахдаа хоёр орны эдийн засаг, улс төрийн харилцааны талаар ярилцсан байна. Миланд зохион байгуулсан дэлхийн үзэсгэлэнгийн үеэр “Оросын өдөр” арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Италид ирэхэд 2015 оны зургадугаар сарын 10-нд Ренци түүнтэй дахин уулзсан байна. Энэ уулзалт Украины хямралтай холбогдуулан Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг тавиад байсан хоригийн ид үед тохиосноос Италийн хэвлэлд маргаан дэгдэж л байв.
Дашрамд хэлэхэд, аливаа удирдах албан тушаалтанд тохиолддог шүүмжлэл, хэрэг заргаас Маттео Ренци ангид байсангүй. 2011 оны наймдугаар сард түүнийг бусад 20 хүний хамт улсад 50 мянган еврогийн хохирол учруулсан, түүний 14 мянгыг нь Ренци төлөх ёстой гэж Тооцооны танхим үзлээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Ренци дээд шатны шүүхэд давж заалдав. Тус танхим 2012 онд мөн л хяналт шалгалт хийж 2005-2009 онд Флоренцид байхдаа 600 мянган еврогийн зардал хууль бусаар гаргасан гэсэн хэл үг үүсгэв.Ренци Флоренц хотын захирагч байх үедээ 2011 оны гуравдугаар сараас 2014 оны нэгдүгээр сард бизнес эрхлэгч найз нөхрийнхөө сууцанд амьдарсны хөлсийг өөрөө төлөөгүй гэж эндхийн прокурор үзэж мөрдөн шалгаж байжээ.Ренцийн тэргүүлсэн Засгийн газар захиргааны зардыг хэмнэх бодлого явуулна гэж эхний өдрөөсөө тунхагласан хэрнээ Ерөнхий сайд нь 2015 оны шинэ жилийн баяраар уулын цанын Курмайор баазад очихдоо Засгийн газрын онгоц, гуравдугаар сарын 2-нд Флоренцоос Ром руу мөн Засгийн газрын нисдэг тэрэг ашигласан гэж хэвлэлүүд шүүмжлэв.
Аюулгүй байдлыг нь хангах үүднээс ийм унаа хэрэглүүлсэн гэж Засгийн газрын хэвлэлийн алба тайлбарласан ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Сержо Маттарелл зорчигчдын онгоц, галт тэрэг, тэр ч бүү хэл трамвай ашигладгийг сэтгүүлчид Ренцид сөргүүлэн тавьж байлаа.Шуудан харилцааны ажил эрхэлдэг Chil Post компанийг зориуд дампууруулсан хэмээн Генуя хотын шүүх Ерөнхий сайдын эцэг Тициано Ренцийн эсрэг өнгөрсөн оны есдүгээр сард хэрэг үүсгэв. Гэр бүлийн энэ компанийн үйл ажиллагаанд хүү нь ямар ч хамаагүй болохыг шүүх дээр нотолж байж хэргийг хаалгасан ч зарим үйлчлүүлэгчийн гомдол одоо хэр нь тасраагүй байгаа аж.Маттео Ренци 1999 онд Аньезе Ландини гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Тэд хоёр хүү, нэг охинтой. Гэргий нь хөгжимд дуртай, орчин цагийн Италийн уран зохиолын багш мэргэжилтэй, гэхдээ нөхрөө Ерөнхий сайд болох үед сүмийн дэргэдэх сургуульд итали, латин хэлний хичээл зааж байв. Гэлээ ч Ренцийн Засгийн газрын хийж буй өөрчлөлтийг эсэргүүцэж багш нар 2015 оны тавдугаар сарын эхээр ажил хаяхад тэрбээр оролцоогүй аж.