Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилладаг валютын ченж учир битүүлгээр амиа алдсан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр ченж Л.Болдбаатарыг толгойдоо цохиулсны улмаас амиа алдсаныг баталжээ.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж түүнтэй харилцаатай байдаг ченжүүдийг шалгасан аж. Үүний дүнд үерхдэг бүсгүйнх нь ээж түүнээс рубль авч бусдад худалддаг байгаад сүүлдээ их хэмжээний рубль дутаасныг илрүүлжээ.
Тиймээс түүнд итгэхээ больж, мөнгө ч өгөхөө зогсоогоод зогсохгүй, рублиэ нэхсэн юм байна. Үүнд нь өс санаснаас хүн амины хэрэг гарсан бололтой. Талийгаачийг Улаанбаатараас багагүй хэмжээний валют солиулаад нутаг буцахад галт тэргэнд үерхдэг бүсгүйнх нь ах буюу дээрх эмэгтэйн хүү Б тааралдан зам нийлсэн гэнэ.
Галт тэрэгнээс бууж гэртээ харихад дагаж яваад амийг нь бүрэлгэж, цахилгаан халаагуурыг нь залгаж орхиод, мөнгийг аван Улаанбаатар руу зугтсан бололтой.
Сэжигтэн 22 настай Б-г Сэлэнгэ дэх гэрээс нь баривчилсан бол 48 сая төгрөгтэй цүнхийг нийслэлийн нэгэн айлаас хураажээ. Өдгөө түүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.РАВЖАА