Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уржигдар орой эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь дуулиан тарьж байна. Прокурор, АТГ-аас “Г.Шийлэгдамбыг баривчилсан нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхгүй, чухам ямар хэрэгт холбогдсоныг ихэд нууцалж буй.
Түүнийг бусдаас онц их хэмжээний буюу 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хахуульд авч байхад үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл байгаа. Прокурорын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж үүнийг баталсан. Албан өрөөндөө уг мөнгийг авч байсан гэнэ. Харин ямар ажил хийж гүйцэтгэхээр ийм мөнгө авч байсан талаарх мэдээлэл нууцлагдмал хэвээрээ байгаа юм.
Энэ үйл явдалтай холбогдуулан АТГ-аас УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл ч зарим цахим хуудсаар цацагдсан. Прокурорын эх сурвалж “Элдэв хов жив, юу ч хамаагүй нийтэлж байдаг цахим хуудсууд үндэслэлтэй мэдээлэл бичих хэрэгтэй.
Дандаа л ташаа мэдээлэл нийтэд түгээж хүмүүсийг төөрөгдүүлж байхаа болимоор юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Г.Шийлэгдамбыг баривчилсан гэх мэдээллийн дагуу өчигдөр оройжин (уржигдар) АТГ-аар эргэлдсэн шүү дээ.
Хэрэв түүнийг хэрэгт холбоотой, сэжигтэй гэж үзвэл тэр даруйд өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авах боломжтой байсан. Тэгээд ч УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учраас хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгахаар болвол холбогдох Байнгын хороонд мэдэгдэнэ шүү дээ” гэлээ.
ЭМСЯ-ныхан сайдыгаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. “Яаж ч бодсон тийм их хэмжээний мөнгийг албан өрөөндөө авна гэж юу байх вэ дээ. Тэглээ гэхэд арай өөр аргаар авах байсан байлгүй.
Сайд нар Шилэн дансны хуулийн дагуу Засгийн газарт салбарынхаа зарцуулсан төсөв хөрөнгийн талаар ажлаа тайлагнах гэж байгаа. Үүнд сайд, 2-3 газрын дарга нартайгаа бэлтгээд байж байтал 18.00 цагийн үед АТГ-ынхан орж ирсэн.
Ингээд үзлэг нэгжлэг хийж, туслах, жолооч болон сайд Г.Шийлэгдамбыг саатуулахаар авч явсан байна лээ. 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн валют байсан гэдэг худлаа. Манай яамныхан өнөөдөр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж магадгүй” гэж тус яамны нэгэн ажилтан ярив.
Намын нөхөд нь ч хахууль авах хүн биш, улстөржүүлж, хүн хэлмэгдүүлдгийн нэг тод жишээ энэ гэж мэдэгдэж буй. Тэгвэл прокурорын хяналт дор бүх ажиллагаа явагдсан, хөндлөнгийн 2-3 гэрч бий гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Эд мөрийн баримтаар их хэмжээний ам.доллар хураасан. Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагаас түүнийг эхний ээлжинд 72 цаг саатуулаад байгаа. Мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хээл хахуулийнх биш гэдгийг нотолж чадвал удахгүй учир нь олдох биз. Харин эс чадвал сэжигтнээр 30 хоног хоригдоно.
Түүнтэй хамт саатуулагдсан туслах болон жолоочийг нь ямар нэг хамааралгүй гэж үзээд өчигдөр сулласан байна. АТГ-ынхан уржигдар нэлээд орой болтол шалгалт хийж гурван хүн саатуулсныхаа хоёрыг ийнхүү суллав. Г.Шийлэгдамбыг үйлдэл дээр нь барьсан гэж олон эх сурвалж хэлээд буй.
Хэрэв үйлдэл дээрээ баригдсан юм бол түүнд мөнгө өгсөн, өгөхийг завдсан хэн нэгэн байж л таараа. Тэр хүн хэн байв гэдэг нь тодорхойгүй, хамт саатуулсан эсэх нь ч мэдэгдэхгүй байна. Хахууль өгөгчтэй нь хамт барьсан, эсэхээ АТГ, прокурорын байгууллагаас тайлбарласан бол энд ямар нэгэн хардлага үүсэхгүй нь ойлгомжтой.
Харин тэр хахууль өгөгч хэн нэг хүн АТГ-ын бууны нохой байсан юм биш биз гэх хардлага МАХН-ынхны ч, цахим хуудсаас мэдээлэл авч буй жирийн иргэдийн дунд ч байна.
Улстөржүүлж, хүн хэлмэгдүүлж байна, хахууль өгөгч нь ямар ажил гүйцэтгүүлэхийн тулд тийм их хэмжээний мөнгө өгөв гэдэгт АТГ, прокурорын байгууллага нэн даруй тайлбар өгөхгүй бол Л.Гансүхийн хэргээс болж иргэдийн дунд унаад буй уг хоёр байгууллагын нэр хүндэд дахиад л сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Хэдийгээр иргэдийн дунд зөв хүнээ саатууллаа гэсэн хандлага бий ч тэд үнэн зөв мэдээлэл хүсэж байна шүү дээ. Уг нь бодит мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн бид албаны хүмүүсээс, тодруулбал, хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газар, мөрдөж буй АТГ-ынхнаас авч хүргэхийг
зорьсон боловч бүгд л “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно. Мөрдөн байцаалтын нууц” гэх жижүүрийн үгсээрээ ам тагласаар үүднээсээ буцаасан.
Сэжиглэх үндэслэл байвал мөрдөн байцаах чиг үүрэг бүхий ямар ч байгууллага хэнийг ч шалгах хуулиар олгосон эрхтэй. Харин гэм буруугүй гэдгээ нотлох эрх иргэн, улстөрчид хэнд ч бий. Тиймээс ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох нь чухал.
Харин түүний өмнөөс дэргэд нь байгаагүй байж хэн нэгэн тайлбар мэдээлэл хийж, улстөржүүлж байна гэх нь утгагүй санагдана. Юутай ч “жараахай”-гаар оролддог АТГ тул барилаа гэж иргэдийн нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь “АТГ Ц.Элбэгдоржийн захиалгаар Н.Энхбаярын хүмүүсийг намнаж байна” хэмээж буй. Иргэдийг төөрөгдүүлэхгүй, талцуулж, улстөржүүлэхгүйн тулд прокурор, АТГ-ынхан бодит мэдээлэл өгөх хэрэгтэй юм.
Г.РАВЖАА