Америкийн “Forbes” сэтгүүлийн үзэж буйгаар дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ жил гурав дахиа тэргүүлжээ. 2014 онд тавд орж байсан ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель аман хүзүүдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравт орсон аж.
“Хийе гэснээ хийгээд нэр цэвэр үлдэж чаддаг манай гаригийн нөлөө бүхий цөөн хүний нэг нь гэдгээ Путин харуулсаар байна. Оросын эсрэг олон улс хориг тавьсан, рублийн ханш унасан, эдийн засагт нь бэрхшээл учирсан зэрэг Путиний нэр хүндэд нөлөөлсөнгүй.
Өнгөрсөн зургадугаар сард түүний чансаа 89 хувьд хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт юм” гэж “Forbes” сэтгүүлд бичжээ.
Путин аравдугаар сард Сирид “Исламын улс”-ын хүчнийг бөмбөгдөж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай биечлэн уулзсанаар АНУ болон НАТО-г энэ бүс нутагт хүчгүй болгож харагдуулсан төдийгүй хилийн чанадад Оросын нөлөөг сэргээхэд түлхэц өгсөн гэж тус сэтгүүл тэмдэглэсэн байна.
Сирийн дүрвэгсдийн асуудал, Грекийн зээлийн хямралаар шийдвэртэй байр суурьтай байсан нь Ангела Меркелийн чансаа дээшлэхэд нөлөөлсөн гэж “Forbes” үзжээ. Обамагийнх доошилсныг тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг сүүлчийн жилээ хашиж буйтай холбон тайлбарлаад, үүнийг зүй ёсны юм гэж тус сэтгүүл үзсэн байна.
Дөрөвдүгээр байрыг Ромын хамба лам гурван жил дараалан эзэлж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин түүний ард явна. Урьд нь тэрбээр хамгийн нөлөөтэй гурван хүн дотор багтаж байсан юм.
Цааш нь эхний аравт дэлхийн баячууд дотроо толгой цохидог 79.2 тэрбум долларын хөрөнгөтэй Билл Гейтс, АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн хатагтай Жанет Йеллен, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Google-г хамтран байгуулсан, 2.7 тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Ларри Пейж нар багтсан байна.
Жагсаалтад нийтдээ 73 хүний нэр оржээ. “Forbes”-ийн тэмдэглэснээр дэлхийн хүн амын 0.00000001 хувийг энэ хүмүүс эзэлж байгаа ч дэлхийг тэд залж яваа аж. Эднээс хамгийн залуу нь Facebook-ийг үүсгэн байгуулсан 31 настай Марк Цукерберг.
Энэ залуу 33.4 тэрбум долларын хөрөнгөөрөө баячууд дотроо 16-д ордог аж. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 16-д, Ираны шашны тэргүүн Али Хосейни Хаменей 18-д, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху 21-д оржээ.
Apple-ийн тэргүүн Тим Кукийг 21-д, Google-ийг хамтран үндэслэсэн, баячуудын нэрсийн 20-д бичигддэг 29.2 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй Сергей Бринийг 30-д оруулсан байна.
Бразилийн Ерөнхийлөгч хатагтай Дилма Русефийн нэр 30-д, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны нэр 46-д, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд буй Хиллари Клинтон 58-д, түүний нөхөр АНУ-ын Ерөнхийлөгч байсан Билл Клинтон 64-т бичигджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг өрсөлдөгч Дональд Трамп 72-т орсон байна.
Р.ЖАРГАЛАНТ