Анагаах ухааны төв номын сан бууриа сэлгэлээ. Хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх номын шинэ өргөө нь өчигдөр ашиглалтад орсон юм.
150.000 гаруй номтой эл өргөөнд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий уншлагын зургаан танхим, 50 компьютертэй интернэт өрөө, 17 суудалтай цахим номын сан, 56 хүн зэрэг суух эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын болон 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар үйлчлэхэд бэлэн болжээ.
Будаг нь ханхалсан энэ өргөөг орчин үеийн номын сангийн жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь илт. Галын бүрэн автомат дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт, гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологид суурилсан харилцаа холбооны хяналтын цогц систем байршуулсан байна.

АШУҮИС 2013-2024 оны бизнес төлөвлөгөөндөө “Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны топ 100 сургуулийн нэг болох” зорилт тавьсны дотор номын сангийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоо ийн биелүүлэв.
Нэг үгээр хэлбэл, тэд үндсэн фондоо нээлттэй үйлчилгээнд шилжүүлсэн анхны номын сан болж буй юм.
Чөлөөт сонголттой, төрөлжсөн уншлагын танхим болон монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн ном, сэтгүүлийн уншлагын танхим байгуулсан нь ховор хуучин, хувь цөөнтэй номыг танхимд уншуулах, эсвэл хувилан олшруулах үйлчилгээг хэрэглэгчдэд нэг дороос үзүүлэх боломжтой болсон гэсэн үг. 
Одоогийн байдлаар цахим 5053 ширхэг ном, 9805 мультимедиа, эрдмийн 942 бүтээл, 158 лекцийг цахимжуулж, уншигчдын хүртээл болгожээ.
Цаашид номын сангийнхаа үйл ажиллагааг дижитал болгон, профессор, доктор, эрдэмтэн, судлаачид, эмч, багш, оюутан, уншигчдад мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд тусалж, орчин үеийн шаардлага хангасан анагаах ухааны мэдээллийн төв байгуулахаар зорьж буйгаа удирдлагууд нь ярив.
1942 онд МУИС байгуулагдмагцаа номын сандаа анагаахын холбогдолтой ном, цуглуулж эхэлжээ. 1962 онд АУДС биеэ дааж, Анагаах ухааны төв номын санг үүсгэн, зөвхөн сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, оюутан үйлчлүүлдэг байсан эл өргөө Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн төв номын сан болтлоо хөгжсөн байна.
О.БАТ-УНДРАХ