Монголын залуучуудын холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй. Уг хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэллээ. Уг уулзалтаар “Хар, цагаан жагсаалт” гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга аван иргэдийн санал бодлыг хуваалцсан юм. Энэхүү уулзалт өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Залуучуудын холбоо зохион байгуулсан бөгөөд МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат болон Дархан-Уул аймгийн дарга, тэргүүлэгч, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигчид өргөнөөр оролцлоо. Уулзалтын эхэнд А. Мөнхбат лекц уншсан бөгөөд “МЗХ бол бүх цаг үеийн туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан, Эрдэнэтийг босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй болгон МЗХ-той холбоотой байдаг. Одоо дараагийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн үеийг бид өөрсдөө эхлүүлье” гэж уриаллаа. Уулзалт, лекцэд ирсэн залуусын 70 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, үлдсэн 30 хувь нь оюутнууд байсан бөгөөд Дарханы залуус маш идэвхтэй оролцсон юм. Лекцийн дараагаар “Хар, цагаан жагсаалт”-ын судалгааны санал асуулга авах, иргэдийн санал бодлыг хуваалцаж албан байгууллагуудаар явах гэх мэт өргөн хүрээтэй компанит ажил зохион байгуулагдсан юм. Уулзалт лекц, санал асуулгад оролцсон иргэд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг “Цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Зоригтой тууштай байгаарай. Дэмжиж оролцоход хэзээд бэлэн” гэдгээ илэрхийлжээ.