ЭМС-ын сайд Ш.Шийлэгдамба өнөөдөр огцрох хүсэлтээ гаргалаа. Түүнийг энэ сарын 4-нд АТГ-аас баривчлаад байсан юм.
Авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдсэн сайдыг албаны эх сурвалжууд албан өрөөнд 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг авч байхад нь барьсан хэмээн мэдээлж буй. Харин тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн өргөдөлдөө "Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд буй. Энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна" гэжээ.