Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч, чирэгч автомашин ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэн, шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг есдүгээр сарын 10-наас зогсоосон билээ. Гэтэл өнгөрсөн сар гаруйн хугацаанд иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах байдал өмнөхийн адил 20 хувиар нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уг хуралдаанд мэдээлсэн юм. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн, журмыг дахин боловсруулж нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэв.
2014 оноос эхлэн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдад саад учруулан байрлуулсан автомашинуудыг ачиж журамласнаар замын ачаалал, түгжрэл 20 хувиар багасан, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдээд байжээ.