Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын олон улсын IX тэмцээн Францын Бордөү хотод ирэх оны гуравдугаар сард болно. Уг тэмцээнд оролцох сонирхолтой хүмүүсийг Монголын “АБИЛИМПИКС”-ийн холбооноос бүртгэж эхэлжээ. Мөн тэд Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын анхдугаар тэмцээнийг энэ сарын 6-11-нд зохион байгуулж, оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа аж. Тэмцээн модон сийлбэр, гоёлын даашинз оёх, оёдол загвар, эсгүүр гаргах, гар сүлжмэл, хатгамал, дэгээ зүүгээр нэхэх, арьс шир, савхиар бүтээгдэхүүн урлах, хоол хийх, талх нарийн боов хийх, бялуу чимэглэх, компьютер угсрах, word ашиглах (бичиг баримт боловсруулах), вэб дизайн, авто машины механик, уран зураг, хог хаягдал дахин ашиглах гэсэн 15 төрлөөр зохиогдоно. Тэндээс шалгарсан шилдэг оролцогчдын дунд дахин сонгон шалгаруулалт явуулж, шигшигдсэн хүмүүсийг Францад болох олон улсын тэмцээнд анх удаа илгээх юм байна.