“Бусдын хүүхдийн төлөө цаг наргүй ажилладаг мэргэжил нэгт багш нарынхаа хүүхдүүдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа нь тухайн өрх гэрт төдийгүй нийгэм рүү чиглэсэн томоохон бодит хөрөнгө оруулалт юм” хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ хэлжээ. Энэ хичээлийн жилд БСШУЯ болон нийслэлийн Боловсролын газар, Хувийн хэвшлийн цэцэрлэгийн холбоо хамтран дээрх сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм. Хичээлийн жил эхэлснээс хойш цэцэрлэгийн багш нарын 2200 хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаад байна. Гэр, сургуулийнхаа ойр байрлах дурын цэцэрлэгт хүүхдээ өгөөд, ажлаа санаа зоволгүй хийдэг болсондоо багш нар тун баяртай байгаа аж. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өсөж байгааг дагаад цэцэрлэгүүдийн тоо ч, энэ салбарт зарцуулдаг мөнгөний хэмжээ ч хоёр дахин нэмэгджээ. Мөн дөрвөн жилийн өмнө сургуулийн өмнөх боловсролд дунджаар 5000 орчим багш ажилладаг байсан бол өдгөө улсын хэмжээнд энэ тоо 9000 болжээ. Ирэх жил гэхэд цэцэрлэгийн багш нарын тоо 11000 болно гэсэн статистик байгаа аж.