“Оюутолгой”-н гуравдугаар улирлын санхүүгийн тайланг “Turquoise Hill Resources” компани танилцууллаа. Хэдийгээр зэсийн үнэ хямдарсан ч “Оюутолгой” компани энэ хугацаанд 226.000 тонн баяжмал борлуулснаар орлого нь өмнөх улирлынхаас 2.5 хувиар нэмэгдэж, 431.7 сая ам.долларт хүрчээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг энэ онд багтаан шийдэх хүлээлт буй. Харин бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны хоёрдугаар улирлын эхээр эхлүүлэх төлөвтэйг “Turquoise Hill Resources” дурдсан байна. Түүнчлэн ирэх онд бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг борлуулах гэрээ байгуулжээ.
Гуравдугаар улиралд “Оюутолгой” өмнөх улирлаасаа 8.5 хувиар илүү хүдэр олборлосон аж. Хүдрийн агуулгатай холбоотойгоор баяжмал дахь зэсийн хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн ч алтны агуулга 48 хувиар буурсныг дээрх тайланд мөн тэмдэглэжээ. Ил уурхайн өндөр агуулгатай хэсгээс олборлолт хийх тул зэс, алтны үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд өсөх төлөвтэй гэнэ. Дашрамд дурдахад, “Оюутолгой” компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 491.6, дөрөвдүгээр улиралд 670.6 сая ам.долларын орлоготой ажиллаж байжээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд 426.2, хоёрдугаар улиралд 421.3 сая “ногоон”-ы орлоготой ажилласан байна.
Ц.Болормаа