Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар болсон байна. Энэ талаар МЗХ-ын Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйгээс тодрууллаа.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн бирж Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан залуусыг ажилд зуучлахаар болсон тухай мэдээлэл авлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
2015 оны намраас олны анхаарлыг татаж, УИХ дээр хэрүүл тэмцэл болж, Ерөнхийлөгч хориг тавьж шуугиан тарьсан зүйл бол Өршөөлийн хууль. Энэхүү өршөөлийн хууль батлагдаж, 3000 орчим хоригдол энэ арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд суллагдлаа. Тэдгээрийн 1700 гаруй нь суллагдаж, үлдсэн нь хугацаагаа хөнгөлүүлсэн. Өөрөөр хэлбэл 1700 хүн жирийн хүмүүсийн адилаар нийгмийн амьдралд орж байна гэсэн үг. Тэгэхээр Өршөөлийн хууль батлагдахаас өмнө Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж эдгээр залуучуудыг нийгэмшүүлэх тал дээр тусалж дэмжье, чиглүүлье, сургалт зохион байгуулъя гээд ШШГЕГ-тай хамтран ажиллаж, тодорхой мэдээллүүдийг авч байсан. Гэхдээ гол асуудал нь тэдгээр хүмүүсийн ихэнх нь суллагдаад ажил эрхлэх сонирхолгүй байдаг. Тодорхой тооны хүн л мэргэжил эзэмшиж, гарын ур дүйтэй бол жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн төв бирж эдгээр залуучуудаас судалгаа аваад, тогтвортой ажиллаж чадна итгэлийг чинь алдахгүй гэсэн залуучуудыг сонгож ажилд зуучилж өгөхөөр болоод байна.
Эдгээр хүмүүсийг ямар байдлаар ажилд зуучлах вэ?
Нийт суллагдсан хүмүүс харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн газарт бүртгэлтэй, тэндээс тодорхой хяналттай ажилладаг. Тийм учраас цагдаагийн байгууллагатай хамтраад үнэхээр тогтвортой ажил хийх чин хүсэлтэй хүмүүсийг ажилд зуучилна. Ял эдэлсэн гэдгээрээ сөрөг боловч тэдгээр залууст бас давуу тал бий. Магадгүй илүү сайн цаг баримталдаг, харьцааны хувьд арай өөр түвшинд очсон гэх мэт сурч мэдсэн давуу тал байж болох юм гэдгийг харж байгаа. Тэгэхээр ажил олгогч байгууллагуудад бид хүсэлт тавиад тэр хүмүүсийг батлан даагаад ажил эрхлүүлэх боломж байна. Мөн хорих ангиас суллагдсан ч хэрхэн ажил хийж амьдралаа үргэлжлүүлэх талаар мэдэхгүй байгаа залуучууд байвал Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр ирээрэй. Бид энэ хүн хорих ангиас суллагдсан гэж ялгахгүйгээр ажилд зуучлахад бэлэн байгаа.
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр одоогоор ямар ажлын байрууд байна, хүмүүжигчдийн хийх боломжтой ажлууд нь ямар ажил байна вэ?
Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр долоо хоногт дунджаар 300-500 цагийн ажлын байр, 500 орчим байнгын ажлын байр нээлттэй байдаг. Нарийн мэргэжил шаардсан, нүүр царай, зан харилцаа ажилд нь нөлөөлдөг ажилд хорих ангиас суллагдсан хүмүүсийг ажиллуулахад жаахан төвөгтэй. Тиймээс бид туслах ажилтан юмуу, улирлын чанартай маш олон ажлын байрууд Монголд бий. Дээрээс нь уул уурхай, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүн хүч хэрэгтэй болдог. Тиймээс хавар мал төллөлт, намар ургац хураалт, томоохон үйлдвэр, төмөр зам, барилга болон засварын ажилд эдгээр залуучуудыг ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа. Мөн эзэмшсэн мэргэжил байхгүй бол МСҮТ юмуу мэргэжил олгох байгууллагуудад хандаад үсчин, засварчин болон бусад мэргэжлээр сургаад ажилд зуучлах боломж байна.
Ажилд зуучлахдаа ямар нэгэн гэрээ байгуулах уу? Эсвэл батлан даалт ч юм уу?
Үүнийг бид ШШГЕГ, ЦЕГ, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран аль болох боломжтой талаас нь зохион байгуулна. Мэдээж бид шууд тэр хүмүүст итгэж найдаж болохгүй эрсдэлтэй учраас тодорхой шалгуурууд тавьж, тэдгээрийг хангах юм бол ажилд зуучилна. Бусад яахаа мэдэхгүй, зорилго нь тодорхойгүй байгаа залуучуудыг хувь хүний хөгжлийн чиглэлээр тодорхой сургалтуудыг зохион байгуулна.