Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд улсын начин Б.Одхүүг өнгөрсөн бямба гаригт шалгаж эхэлжээ.
Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байсан аж. Тодруулбал, хүнд зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ.
Хамгийн сүүлд нэгэн захиалагчийн хүсэлтээр томоохон компанийн захирлыг далайлган сүрдүүлж, мөнгө нэхсэний улмаас хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Капитрон” банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан нэгэн компанийн захирал зээлээ хугацаандаа төлж чадахгүй байсан аж.
Тиймээс тус банкныхан иргэний журмаар шүүхэд хандсан аж. Үүний зэрэгцээ Б.Одхүүгийн компанид хүсэлт гаргасан гэнэ. Дарамтлуулсан компанийн захирлаас Б.Одхүү нар зээлээ төлөхийг таван сар гаруйн турш шаардаж, багагүй хэмжээний мөнгө авсан гэж хохирогч нь цагдаагийнханд гомдоллосон байна.
Түүний гомдлын дагуу дээрх хэлтэс хоёр сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулж баримтжуулсны дүнд улсын начин Б.Одхүүг далайлган сүрдүүлэх ажил хийдэг байсныг тогтоожээ.
Хэргийг ЭЦГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Б.Одхүүгээс гадна аймгийн цолтой хоёр бөх, банкны ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авч байгаа гэнэ.
Х.АЗЖАРГАЛ