...Чоно хүртэл амиа даатгадаг
Чойрын богд дархан уул
Тэргэл сарандаа бүжин туулайтай
Тэрэгтийн тал адууны салхитай...
(“Чойрын богд” дууны хэсгээс)
Халхын Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу, одоогийн Говьсүмбэр нь гурван сумтай, хамгийн залуу аймаг. Боржигон түмнийхээ гал голомтыг сахин суугаа говьсүмбэрчүүдийн амар амгалан амьдралын төлөө бат зогссон цагдаагийн байгууллагын ажил амьдралын нэг өдрийг сурвалжлахаар хүлгийн жолоо заллаа.
Намрын налгар шар өдрүүд үргэлжилсээр буй энэ аймаг Улаанбаатараас 250 км зайтай оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай хиллэдэг.
Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг болохоор зарим иргэн замын сайханд бардаж хурд хэтрүүлэн яваад осолд орох тохиолдол бий гэнэ. Мөн олон аймаг сумтай хил залгаа оршдогоос шалтгаалан малын хулгай гарах нь элбэг.
Үүнийг эс тооцвол тайван амгалан нутаг аж. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Биднийг очиход тус аймгийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн найрсаг дотноор хүлээн авч, ажил амьдралаа үүднээсээ эхлэн танилцуулсан юм. Хашаагаар нь ороход л олон төрлийн мод, бут тарьж, явган хүний замаа өнгийн чулуу шигтгэн асфальтаар хучжээ.
Энэ бүхнийг өөрсдийн нөөц бололцоогоор бий болгосон, эрчүүд нь замаа засаж, эмэгтэйчүүд нь мод, цэцэг тарьдаг хэмээн аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Баярсайхан бахархан ярьсан. Тэрбээр “Тус Цагдаагийн хэлтэс 2015 оны эхний 10 сард аймгийн хэмжээнд 1800 орчим гомдол, мэдээлэл бүртгэсэн. Үүнээс 671 нь гэмт хэргийн шинжтэй байсан.
1137 нь захиргааны зөрчил. Шийдвэрлэлтээр нь авч үзвэл эрүүгийн 216 хэрэг, 980 орчим гомдолд захиргааны арга хэмжээ тооцсон. Үүнийг сумдуудаар нь авч үзвэл Сүмбэр сумандаа харьцангуй олон буюу 80 гаруй хувь нь бүртгэгдсэн байдаг юм. Аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 76 хувийг илрүүлсэн” гэж ярив.
Аймгийн төвөөр дайран өнгөрөх босоо тэнхлэгийн авто замаар өдөрт 1500 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Иймээс хил залгаа аймаг, сумтай хамтран хөдөлгөөнт болон байнгын эргүүлийн пост гарган ажиллуулж байгаа гэнэ.
Ингэснээр гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж байгаа аж. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Ц.Батсүх “Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн авто замд Замын цагдаагийн пост ажиллуулаад хоёр сар гаруй болж байна. Энэ замаар ихэвчлэн том оврын ачааны автомашин дайран өнгөрдөг.
Ачааны даац, хурд хэтрүүлэн явснаас шалтгаалан осол их гарч байсан. Ялангуяа мал дайрах нь их. Иймээс бид энэ постыг ажиллуулж эхэлснийхээ дараа зам дагуух малчин айл өрхөөр нэг бүрчлэн явж, мал хуйгаа маллагаа, хариулгатай байлгахыг анхааруулсаар байгаа.
Үүний үр дүнд сүүлийн нэг сарын хугацаанд ийм осол гарсангүй. Жолооч нар шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аюулгүйн бүсээ зүүдэг болсон ч хурдаа тохируулж явахгүй байгаа нь ослын гол шалтгаан болсоор байна” гэж ярив.
Мал хулгайлах гэмт хэрэг аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос 26 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 36 хувиар өссөн. Монгол, Мөнхбат, Цэрэнжамц нарын удирдсан гурван том бүлэглэл тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй талаар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хоёр жилийн турш баримтжуулан шалгаж байгаад баривчилжээ.
Говьсүмбэр аймаг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдаагаар таван алба хаагч, Политехикийн коллежийн 20 залууг жил бүр оюутан-цагдаагаар ажиллуулж буй. Тэд цагдаагийн алба хаагч нартай хамтран ажиллаж, хуваарьт чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг.
Мөн иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд үүрэн телефоны компаниудтай хийсэн гэрээний дагуу гэмт хэргийн нөхцөл байдлыг мэссэжээр хүргэдэг аж. Түүнчлэн цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, цаг завыг хэмнэхийн тулд нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлжээ.
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст сонин содон авьяас, хообийтой алба хаагч олон. Хамт олондоо зориулан элэглэл бичдэг нэгэн байхад тасалгааны цэцгээр албан өрөөнүүдээ чимдэг бүсгүй ч бий. Ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гэр бүлийн дөрвөн арслангийн нэг, аймгийн арслан, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Д.Түмэнжаргал ч энэ хамт олны эс ширхэг нь.
Түүний аав Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дагвадорж, улсын арслан Д.Азжаргал, аймгийн арслан Д.Батжаргал нар түүний дүү гэнэ.

..Ар цээлийн говийг
Аргамагхан хараараа туулав
Агь нь буурал ээжээсээ
Арайхан хол ирэв үү... (Хөвчийн өндөр)
... хэмээн XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, буддын шашны нууц тарнийн их бясалгагч, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн зүг Говьсүмбэрээс хүлгийн жолоо заллаа.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг аялал жуулчлалын бүс нутгийн амар амгалан амьдралыг сахин хамгаалж буй цагдаагийн байгуулагаас сурвалжилснаа хүргэе.
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Ууганбаяр “Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах бодлогын шинжтэй томоохон ажлуудыг энэ оны эхний арван сард хийж гүйцэтгэлээ.
Эн тэргүүнд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон ажил хийсэн. Мөн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ажлын байрандаа засвар хийж тохижуулсан.
Автомашины зогсоолыг хоёр дахин нэмэгдүүллээ. Түүнчлэн манай цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн цаг завыг хөнгөвчлөх үүднээс угтах үйлчилгээ шинээр нэвтрүүлсэн. Мөн иргэн бүрт ногдох 0.07 га газраа өмчлөн аваагүй алба хаагчдын судалгаа гаргаж, Сайншанд сумын IV багийн нутагт Цагдаагийн гудамж байгууллаа.
Мөн Дорноговь аймаг гэмт хэргийн гаралтаар улсын хэмжээнд хоёрдугаар зэрэглэлд ордог. Жилд дунджаар 800-900 гаруй гэмт хэрэг бүртгэгддэг юм. Үүний дийлэнх нь нууц далд аргаар үйлдэгдсэн байдаг. Зохион байгуулалттайгаар хулгай хийх хэрэг зонхилдог. Энэ нь манай аймгийн дэд бүтэц, зам харилцаа хөгжсөнтэй холбоотой.

Хэргийн илрүүлэлт 63.5 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хяналтын камер 64 ажиллуулж эхэлсэн. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд тус дөхөм болох нь дамжиггүй” хэмээв. Дорноговь нь хилийн хоёр боомт ажилладаг, стратегийн орд газрууд бүхий онцлог аймаг.
Аймгийн төвдөө нийт гэмт хэргийн 33, Замын-Үүд суманд 30 гаруй хувь нь үйлдэгддэг, бусад сумдадаа харьцангуй тайван байдаг аж. Говь нутгийн онцлогоос шалтгаалан малчид ус даган нүүдэллэхдээ өвөлжөө бууцандаа эд хөрөнгөө хараа хяналгүй үлдээдэг нь хулгайн хэргийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа.
Энэ онд 483 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Эрүүгийн цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн нууц далд аргаар үйлдэгдсэн 157 хэргийг илрүүлжээ. Ингэхдээ Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч нартай хамтран хэд хэдэн бүлэг этгээдийг баривчилсан байна.
Жишээлбэл, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 87 гар утас, долоон ширхэг зөөврийн компьютер хулгайлсан гэмт бүлэглэлийг илрүүлэн баривчилсан байна. Энэ талаар тус хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Ч.Ганзориг “Өнгөрсөн есдүгээр сард Сайншанд сумын хэмжээнд эзэн нь тогтоогдоогүй таван хэрэг бүртгэгдсэн.
Нууц далд аргаар үйлдэгдсэн эдгээр хэргийн мөрөөр шалган, баримтжуулахад Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Г нь хүмүүстэй бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Гэмт этгээд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дээрмийн хэрэг үйлдэж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа хохирлоо нөхөн төлөх зорилгоор уг хулгайн хэргийг зохион байгуулсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Тэрбээр хэрэг хийснийхээ дараа тэр өдөртөө нийслэл хотод очин хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулдаг байжээ” гэв.
Улаанбаатар-Чойр-Замын-Үүд-Сайншанд чиглэлийн 462 км автозамаар өдөртөө 800-1000 тээврийн хэрэгсэл зорчдог. Үүнээс шалтгаалан тус автозам дээр осол гарах нь элбэг. Дулааны улирлын үеэр Хамрын хийд, Энергийн төв зэрэг түүх дурсгалын газрыг зорих иргэдийн тоо олширдог.
Энэ үеэр осол ч нэмэгддэг аж. 2015 он гарсаар зам тээврийн 64 хэрэг, осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.2 хувь буюу хоёр хэргээр өссөн үзүүлэлт аж.
Ийнхүү ажилсаг, найрсаг, жавхаалаг хамт олны ажил, амьдралын сайхныг сурвалжиллаа. Тэдний зарим нь өссөн төрсөн нутаг, ар гэрээсээ хол байвч өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард олныхоо амар тайвныг сахин хамгаалж буй жирийн нэгэн алба хаагчид юм.
Х.АЗЖАРГАЛ