Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлд өчигдөр зөөврийн компьютер гардуулав. Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг хэрэгжүүлжээ. Нийт 25.000 ширхэг зөөврийн компьютерыг бүх аймаг, дүүргийн сургуульд хүртээмжтэй түгээж буй гэнэ. Мөн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр сургуулиудад нийт 11.340 ширхэг зөөврийн компьютерийг бас өгсөн юм. БНХАУ-ын Засгийн газраас манайд олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулсанаар уг ажлыг хэрэгжүүлэх боломж бүрджээ. Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалтын чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргах төдийгүй хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөлийн ялгаа үгүй болж, сурагчид чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж буйг Ерөнхий сайд онцлов.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Түүхэнд анх удаа боловсролын салбарын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, элсэлт, төгсөлтийн мэдээлэл улсын хэмжээнд нэгдсэн байдлаар бүрдсэн. Мөн Боловсролын дата төв байгуулж, 21 аймаг, алслагдсан хоёр дүүргийн ерөнхий боловсролын 200 гаруй сургууль, боловсролын газрыг хамруулсан. Орон нутгийн болон нийслэлийн 50 сургуулийн 300 ангийг “ухаалаг” болголоо. VIII-XII ангийн математик, физик, хими, биологийн хичээлийн 144 сэдвээр сургалтын цахим объект боловсруулж нийтийн хүртээл болгов. Цаашид “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд шилэн кабелийн сүлжээнд холбоогүй орон нутгийн болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийг нэгдсэн сүлжээнд холбоно” гэсэн юм.