Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа ОУОХ-ны албан ёсны сайтад өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна. Кувейт улс Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгарсан бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт аж.
ОУОХ нь Кувейтэд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Олон улсын спорт холбоодуудтай нягт хамтран ажиллаж боломжтой бүхнийг хийсэн байна. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 12-нд тус хороо Кувейтийн олимпийн хороо, Кувейтийн Засгийн газар болон Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Зуны олимпийн олон улсын холбоодын холбооны төлөөлөгчдийг байлцуулан уулзалт хийж, аравдугаар сарын 27-ны дотор тодорхой арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх байсан боловч дээрх хугацаанд тухайн улсын Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ.
Иймд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж, Олимпийн Хартийн 27.9 болон 59.1.4 /а/ үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ОУОХ-ны Олимпийн Хартийн дагуу Кувейтийн олимпийн хороо нь Олимпийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, явуулах эрхгүй болж байгаа аж. Үүнд мөн Кувейтийн олимпийн хорооны гишүүн холбоодын зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээ орж байгааг ч дурджээ