УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцох болсон.
Өчигдрийн хуралдаанд ч тэр бас суужээ. Үүгээр өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд “бөөндөн” оруулж ирсэн Сонгуулийн хуулийн гурав, Үндсэн хуулийн болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ бүлгээр ярилцана гэсэн хүлээлт байсан ч Н.Батцэрэг дарга “Тэр талаар яриагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Сонгуулийн хуулийн тухайд тус эвслээс УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт төлөөллөө оруулсан. Мөн Су.Батболдын өргөн барьсан, МАН-аас санаачилж, АН-аас бусад намын гишүүдийг багтаасан ажлын хэсэгт ч орсон.
Тэгсэн атлаа эдгээр дээр саналын зөрчлөө шийдүүлж чадаагүй аж. Эвслийн зүгээс Сонгуулийн хуулийн бас нэг төсөл өргөн барина гэдгээ өчигдөр мэдэгдэв. Эдүгээ өргөн барьчихаад буй гурван төсөлд сонгуулийг холимог тогтолцоогоор, тэр дотроо 48:28 харьцаагаар явуулахыг бүгд дэмжсэн.
Мажоритар системээр сонгох 48 хүн “Нэг мандат-нэг тойрог” зарчмаар өрсөлдөнө гэж байгаа юм. Үүнийг “Шударга ёс” эвсэл дэмжихгүй байгаа аж. Тиймээс нэг тойрог, олон мандатын систем бүхий төсөл оруулж ирэх бололтой.
Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээс асууя, санал асуулгыг энэ сарын 26-нд зохион байгуулъя гэж буй. Энэ талаар эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Хугацаа давчуу, бэлтгэл хангаж амжихгүй учраас энэ товыг хойшлуулах болов уу” гэлээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ыг 99 гишүүнтэй, тэднийг таван жилээр сонгодог байх заалт оруулж ирсэн. Энэ талаар тэрбээр “Хүн амын тоо гурван сая хүрсэн учраас үүнтэйгээ харьцуулж УИХ-ын гишүүдийн тоог 110, 115 болгож нэмэх санал ч ажлын хэсэг дээр гарч байсан.
Бид гурван оронтой болгоод яах вэ гэж үзээд бэлгэдлээ бодож 99 гэсэн тоог сонгосон” гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд заалт бүр дээр 76 гишүүний дөрөвний гурвын буюу 57-гоос доошгүй гишүүн дэмжих учиртай.
Тиймээс төслийг өргөн барихдаа энэ хэмжээний хүний гарын үсэг цуглуулахыг зорьсон гэлээ.
С.УУЛ