Монгол Улс хүн ам, орон сууцаа энэ жил дахин тоолж байгаа. Гэхдээ энэ удаагийнх завсрын тооллого. 2010 оны ээлжит тооллогоор олон мянган тоологч, шалгагч айл өрхүүдээр орж, мэдээлэл цуглуулсан бол энэ удаа иргэдийн регистрийн бүртгэлд түшиглэн бүртгэж байгаа юм.
Хэрэв та Монгол Улсын иргэн бол http://e-registration.nso.mn/web хуудсанд регистрийн дугаараараа бүртгүүлэн нэвтэрч, Хүн ам, өрхийн бүртгэлийн сан дахь мэдээллээ шалгаж баталгаажуулаарай.
Ингээд л та энэхүү тооллогод шууд хамрагдлаа гэсэн үг. Үүний зэрэгцээ орон даяар ажиллаж буй тооллогын гэрээт ажилтнууд айлуудаар орж, эсвэл утсаар холбогдон, Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийг шалган, баяжуулж байна.
Гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд www.nso.mn-ээр дамжин, эсвэл http://e-census.nso.mn/web хуудсаар тооллогод хамрагдах боломжтой.
Тэгэхээр энэ удаагийн тооллого нь хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа хэмнэж байгаа биз. Завсрын тооллого энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал явагдана.
Мөн Үндэсний статистикийн хорооноос “Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ” гэсэн сонирхолтой статистик гаргаж байгаа. Иргэд үүнийг маш их сонирхож байгаа тул тус хорооны цахим хуудаст ачаалал үүсэх, программ гацах, логикийн уялдаагүй мэдээлэл үзүүлэх зэрэг хүндрэл гарч байгаа аж.
Тиймээс иргэд хүлээцтэй байж, цахим хуудас дахь зааврын дагуу бүртгэлээ шалгаж, баталгаажуулах хэрэгтэй гэнэ. Ингэхдээ иргэд зөвхөн регистрийнхээ дугаараар, өөрийн и-мэйл хаягаараа программд нэвтрэн нууц үг авч, мэдээллээ шалгаж байгаа тул бусдад харагдахгүй.
Б.БАЙГАЛ