Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, тус сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ-аас “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаарх нутгийн иргэдийн байр суурь болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Сумын Засаг дарга П.Мөнхтайван “Манай суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолоор ажил эхлүүлсэн ч ард иргэд эсэргүүцэж байгаа тул би иргэдийнхээ талд байх ёстой.
Түүнчлэн Р.Бурмаа сайд намайг Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансолмо” болон Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид газар эзэмшүүлсэн, худалдсан, хадлан болон аялал жуулчлалын талбайг Хятадын компанид худалдсан, газар тариалангийн талбайг хууль бусаар бусдад дур мэдэн эзэмшүүлсэн гэсэн таван үндэслэлээр буруутгаж байгаа юм билээ.
Үүнтэй холбоотой бичиг баримтыг авчран, гэм буруугүй гэдгээ АТГ-аар нотлуулна. 2009 онд “Хансолмо” компанид 30 мянган га газар ашиглахыг зөвшөөрсөн ч 2011 оны тавдугаар сард хүчингүй болгосон байсан.
Хуульд хадлангийн талбайг 15-60 жилийн хугацаанд эзэмшүүлж болно гэсэн заалт байдаг. Бид жил бүр хадлан, тэжээлээ тогтвортой бэлдэхийн тулд сумын ИТХ-аар батлуулаад талбайгаа ашиглуулсан. Хэрэв нэг жил татвараа төлөхгүй, хоёр жил үйл ажиллагаа эрхлэхгүй бол цуцална гэж гэрээнд заасан.
Зөвхөн 7-10 дугаар сарын хооронд л ашиглах эрхтэй. Энэ жил гэхэд 30-аад мянган тонн хадлан хадсан. Мөн аялал жуулчлалын компани газрын эрхээ авчихаад зөвхөн баазаа байгуулж эхэлж байгаа болохоос жуулчид авчран, үйл ажиллагаа эрхэлсэн зүйл байхгүй” гэв.
Мөн түүнд сумын иргэд нь Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын гишүүдэд хандан 75 дугаар тогтоолыг нягтлуулах, Ерөнхийлөгчөөр хориг тавиулах хүсэлт илгээсэн аж. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Төрсөн нутгийнхаа газар шороог бүрэн бүтэн байлгах, ард иргэдээ амар амгалан амьдрахад анхаарал хандуулна уу” хэмээн дамжуулсныг онцолж байсан юм.
Э.НАМУУН