Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг найман аж ахуйн нэгж, байгууллага байр сууцыг нь дулаан байлгах зориулалттай паарны усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байсныг тогтоожээ.
“Төв чандмань” дулаан, эрчим хүчний газрын даргын 206 дугаар тушаалаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн усны тоолуур, шугам сүлжээг хянаж, шалгахад хоёр цайны газар, хоёр дэлгүүр, зочид буудал, авто угаалгын газар, талх нарийн боовны цех, төсвийн нэг байгууллагаас ийм зөрчил илэрсэн байна.
Эрчим хүчний тухай хуулийн 32.2.2 “Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан бол эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”, 37.1.5 “Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг нь алдагдуулсан, зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн, шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх дүрмийг зөрчсөн, хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 10.63 “Эрчим хүч ашиглах дүрэм, горим, гэрээг зөрчиж хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнийг хэрэглэгч нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу эдгээр байгууллагаар хууль бусаар ашигласан ус, дулааныг нөхөн төлүүлжээ.
“Төв чандмань” халаалтын есөн хэсгээр төсвийн 58 байгууллага, 131 аж ахуйн нэгж, 1700 гаруй айл өрхөд дулаан түгээдэг аж. Гэтэл паарнаас халуун ус авахаар дулааны даралт унаж, дараагийн хэрэглэгчдэд халаалт очихгүй байх, халаалт муудах зэрэг хүндрэл үүсдэг юм байна.
Х.ЭРХЭМ