Манай улс энэ оны тавдугаар сарын 21-нд “Мөнгөн аяганы ерөнхий шаардлага” MNS 6505:2015 стандарт баталсан.
Мөнгөн аяга худалдан авахдаа юуг анхаарах талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын дарга Ч.Оюунтуяагаас тодруулахад “Мөнгөн аяганы стандартын талаар аяга үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, үнэт эдлэл худалдах албан ёсны эрхтэй 24 дэлгүүрт өнгөрсөн зургадугаар сард шинэ стандартын талаарх заавар, зөвлөгөө өгсөн.
Мөн энэ хугацаанд сорьцын шинжилгээнд орсон бүтээгдэхүүнд байнга хяналт тавьж, салбар дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Энэ үеэр хүмүүс чанар муу, сорьц багатай аяга худалдаж авсан хэд хэдэн тохиолдол гарсан.
Хүмүүс мөнгөн аяга худалдаж авахдаа хамгийн түрүүнд хэмжээ, өнгө үзэмж, үнийг анхаардаг. Уг нь хамгийн түрүүнд мөнгөн аяганы сорьцыг анхаарах хэрэгтэй.
Нийслэлийн хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж мөнгөн аяга үйлдвэрлэдэг. Стандартчилал, хэмжил зүйн газраас тус байгууллагын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг шалгаж, тусгай сорьцын шинжилгээнд оруулж, гарсан хариуны дагуу тохирох хэмжүүрийг бараан дээр нь сийлж өгдөг.
Иймд худалдан авагчид мөнгөн аяганы доод талыг анзаарч харах хэрэгтэй. Тодруулбал, тусгай тэмдэглэгээгээр сорьцыг тэмдэглэсэн байдаг. Стандартын дагуу 800, 835, 875, 925, 999 гэсэн сорьцтой мөнгөн эдлэл худалдаанд гаргахыг зөвшөөрдөг.
Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл 800 сорьцтой мөнгөн аяганы 80-д мөнгө, 20 хувьд нь зэс болон бусад баяжмал оруулсан гэж ойлгох хэрэгтэй.
Хэрэглэгч энэ мэт зүйлийг мэддэггүйгээс хохирох нь их. Яагаад гэвэл хүмүүс ихэвчлэн барааны шошго дээрх тэмдэглэгээг хардагт байгаа юм. Тиймээс сорьцын тэмдэглэгээг мэддэг болчихвол ямар нэг асуудал үүсэхгүй. Зах зээл дээр нэг грамм мөнгө 1026 төгрөг байдаг тул хүмүүс авах гэж буй бараа бүтээгдэхүүндээ илүү анхааралтай хандах ёстой.
Энэ жилээс манай байгууллага уг асуудалд анхаарч ажилласан тул дахин хэрэглэгч хохирох асуудал гарахгүй болов уу. Түүнчлэн мөнгөн аяга үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж бүрт манай байгууллагаас гаргасан сорьцын тэмдэглэгээний дагуу шошго хийхийг даалгасан.
Энэ нь ч үр дүнгээ өгч, хуурамч бараа бүтээгдэхүүн зах зээлд зарах асуудал хумигдаж байгаа” гэв.
А.ТҮМЭННОМИН