Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж буй. Болсон үйл явдалтай холбоотойгоор тэрбээр өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Ч.Сайханбилэг сайд энэхүү хүсэлтийг нь хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын Үүрэг хариуцуулах тухай 2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд 218 дугаар тоот захирамж гаргасныг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд өнөөдөр ЭМСЯ-ныханд танилцууллаа. Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.5-д заасныг үндэслэн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулав.
Шадар сайд Ц.Оюунбаатар ЭМСЯ-ны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж, цаг үеийн тулгамдаж буй асуудлаар мэдээлэл авсан юм. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагад хандан өдөр тумтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга баттай, хариуцлага, дэг журмыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.