Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гаригийг зам тээврийн ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлж байхыг НҮБ-аас уриалжээ. Манай улсын хувьд өнгөрсөн жилийн аравдугаар сарын 26-нд энэ өдрийг анх удаа тэмдэглэж байсан.
Харин энэ жил “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн” нэртэйгээр дэлхийн олон улс оронтой нэгэн зэрэг зам тээврийн ослын хохирогсдод хүндэтгэл үзүүлэх гэж буйгаараа онцлог юм.
Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.
-Энэ өдрийг хэзээ, хаана анх удаа тэмдэглэж байсан юм бэ?
-1993 онд Англид анх удаа зам тээврийн ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлэх өдрийг тэмдэглэж байсан. Учир нь дэлхийн хэмжээнд 17 сая хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан гэх тоо байдаг.
Энэ нь хорих лагерт амиа алдагсдаас хоёр, Солонгосын дайнд нас барсан хүмүүсээс 18, Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаяснаас болж нас барагсдаас 130 дахин их тоо. Мөн Вьетнамын дайн, Загалмайтны аян дайны хохирлыг 30 секундэд багтаасантай тэнцэхүйц хохирол.
Харин Монгол Улсад 2001-2015 онд 23.215 хүн осолд өртсөнөөс 5457 нь нас барж, бусад нь ямар нэг байдлаар гэмтсэн байдаг. Эдгээр хүмүүст хүндэтгэл үзүүлэх дэлхийн өдөр энэ сарын 15-ны ням гаригт болох юм.
“Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн” нэртэй өдөрлөг Чингисийн талбайд 11.00 цагт болно.
-Энэ өдөр ямар үйл ажиллагаа зохион байгуулах юм бол оо?
-Зам тээврийн осол, хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулна. Холбогдох албаны төлөөлөл ирж санал бодлоо солилцохоор болсон. Мөн ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн төлөөлөл, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн оролцоно.
Талийгаачдын хойчийн буянд зориулан “Гандантэгчэнлин” хийдийн хуврагууд ном айлдана. Тэр цаг мөчид замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг нийслэлийн хэмжээнд нэг минут зогсоохоор шийдвэрлэсэн байгаа.
Түүнчлэн үүрэн телефоны операторууд бүх хэрэглэгчдэдээ нэгэн зэрэг ослоос урьдчилан сэргийлэх мессеж явуулна. Цахилгаан станцуудын болон Онцгой байдлын үед ажиллах дуут дохиог нэг минут дуугаргах болсон. Уриа лоозон болон зурагт хуудас барьсан жагсагчид ч бий.
Ослоор амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөж, эцэст нь “Харуусал” богино хэмжээний кино үзүүлэх зэргээр олон ажил төлөвлөсөн байгаа.
-Ямар байгууллагууд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаа вэ?
-ХЗЯ, ЦЕГ, ЗЦГ-аас энэ ажлыг санаачлан зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний төв, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа.
Урилгаар Авто тээврийн үндэсний төв, ЗТЯ, БСШУЯ, ЭМСЯ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын оюутны холбооны төлөөллүүд оролцох болно.
Х.АЗЖАРГАЛ