Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалт зохион байгуулж байна. Сургалт өчигдөр 07.00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиудад “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохио өгснөөр эхэллээ. Уг дохиогоор тус аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, мэргэжлийн 26 ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав. Гамшиг тохиолдсон үед бэлэн байх, хохирол багатай даван туулах зорилготой энэ арга хэмжээг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдаж байгаа юм. Сэлэнгэ бол гамшиг тохиолдох магадлал хамгийн өндөр аймгийн нэг. Тиймээс газар хөдөлж, үер болсон, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчин гарсан нөхцөлд яах вэ гэдгээ сургуулилалж байна.