“Эрдэнэт” үйлдвэрт ажилд оруулж өгье. Хүний гар цайлгах хэдэн төгрөг хэрэгтэй” хэмээн иргэдийг хуурч, залилсан хэрэг гарчээ. Энэ онд ийм гурван хэрэг гарч, мөнгөө залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандсан байна. Залилагчид ийм маягаар 10 гаруй хүнээс хамгийн багадаа хоёр, дээд тал нь 60 сая төгрөгийг нь бэлнээр авчээ. Цалин сайтай, тогтмол ажилтай болох гэсэн хүмүүсийн хүслийг залилагчид овжин ашиглан, мөнгө олох хэрэгсэл болгож байгаа аж.