Энэ жил манай улсын хэмжээнд нийт 145 мянган малчны хотонд 56.3 сая (хонин толгойд шилжүүлвэл 92.8 сая) мал өвөлжинө. Засгийн газрын 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс бэлтгэх үүрэг даалгавар өгсөн атал 23 мянган тонныг хадгалжээ. 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх ёстойгоос дөнгөж 3.3 мянгыг л нөөцөлсөн байх юм. Энэ бол бэлтгэх ёстой хадлангийн 78.2, тэжээлийн 30.1 хувийг л авсан гэсэн үг.
Тэгвэл малчид 1.2 сая тонн өвс, 46 мянган тонн сүрэл, 48 мянган тонн ногоон тэжээл, 72.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 50 мянган тонн гар тэжээл, 136.9 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нэг сая тонн өвс, 44.7 мянган тонн сүрэл, 20.2 мянган тонн ногоон тэжээл, 25 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 42.5 мянган тонн гар тэжээл, 124.1 мянган тонн давс, хужир бэлтгэсэн байна. Үүнийг хувьд шилжүүлбэл төлөвлөсөн өвснийхөө 85.6, сүрлийн 97, ногоон тэжээлийн 42.1, үйлдвэрийн тэжээлийн 34.4, гар тэжээлийн 84.8, давс, хужрын 90.7 хувийг базаажээ.
Үүнээс үзвэл төр, малчин хоёрын аль нь ч өвс, тэжээлийн хангалттай нөөц бүрдүүлж чадаагүй байна. Аатай, цуутай мичин жил айсуй атал хэн хэн нь тун хариуцлагагүй ханджээ. Хавар урт, хүнд болбол малчид хотондоо өвсгүй, аюулгүйн нөөцөөс ч илүүчлэх юм олдохгүй болох янзтай.