ОХУ-ын Төрийн Думийн депутат Михаил Слипенчук яагаад монгол малын мах ОХУ-ын зах зээлд нэвтрэн орж чадахгүй байгаа талаар тайлбар хийлээ.
Буриадын Улаан-Үд хотноо хэвлэлийн бага хурал хийлгэсэн М.Слипенчукээс сэтгүүлчид “ЗХУ-ын үед Монгол Улс их хэмжээгээр мах нийлүүлдэг байсан. ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар энэ талаар хэлэлцэж, учирч буй бүх саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон ч импортоор орж ирж буй монгол малын махны хэмжээ маш бага байна. Ямар учиртай вэ” гэж асуухад эрхэм депутат “Ерөнхийлөгч, Засгийн газраас Монголоос мах авахыг дэмжиж байгаа.
Харамсалтай нь энэ асуудал муж, хотын хэмжээнд очихоороо гацчихдаг. Орон нутгийн удирдлагууд монгол махны ОХУ-д нэвтрэх замыг хааж байна. Тэд “махны лообий” хийж, Шинэ Зеланд, Австрали зэрэг хуучин түншүүдээ солихыг хүсэхгүй байгаа бололтой.
Монголоос мах авах Ерөнхийлөгчийн шийдвэрийн гүйцэтгэлийг ОХУ-ын Засгийн газар хянах ёстой. Энэ талаар хэвлэл мэдээллээр бичиж, олон нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй” гэж ярьжээ.
Хоёр улсын холбогдох албаны хооронд байгуулсан гэрээ ёсоор манайх ОХУ-д жилд 100 мянган тонн мах гаргах боломжтой. Энэ нь 600 тэрбум төгрөг буюу 300 сая ам.доллар болж байгаа аж. Гэтэл сүүлийн гурван жилд дөнгөж 8415 тонн мах нийлүүлсэн нь боломжийнхоо 10 хувийг ч ашиглаж чадахгүй байгаа хэрэг юм.
Өнгөрсөн онд манай улс Хятадад 779 тонн, ОХУ-д 2217 тонн мах нийлүүлжээ. Үүнээс 1620 тонныг Буриадад гаргасан бөгөөд Буриадын эдийн засагт монгол мах чухал үүрэгтэй аж.
2014 оны есдүгээр сард Улаанбаатарт болсон Монгол, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Буриадын тэргүүн Вячеслав Наговицын Монголоос үхрийн мах авч эхлэх даалгавар Засгийн газартаа өгсөн. Гэвч дээр дурдсан “махны лообий”-гоос болоод урагшлахгүй байгаа аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ