Энэ оны аравдугаар сар олон даргад халгаатай байлаа. Тэд дарга мяндаг зүүсэн л бол юу дуртайгаа хийж болно хэмээн эндүүрсэн бололтой. Уг нь эсрэгээрээ буюу бүх талаараа үлгэр жишээ үзүүлэн, хамт олноо манлайлах учиртай. Гэтэл тэд тэгсэнгүй.
Хүний санаанд багтамгүй аймшигт гэмт хэрэг үйлдэж, албан тушаалаа урвуулж, хэтрүүлэн олныг сэртхийлгэсэн. Тэдний үйлдсэн гэмт хэргүүд одоо олон нийтэд ил болж, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Тэдний цөөн хэдийг энд жишээ болгон дурдъя.
Б.ХАНБААТАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумынхаа малын ерөнхий эмч, 26 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж олныг цочроосон. Энэ хэрэг Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ буюу гуравдугаар багийн нутаг, Тусгалтын задгай гэдэг газарт болсон билээ.
Сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар уг газарт нутаглах Н.Ганзоригтой адууны наймаа хийхээр Б.Ханбаатарын 49-47 ТӨВ улсын дугаартай хар өнгийн “Приус 20” маркийн автомашинаар очсон байдаг.
Тэд архи ууж халамцсаныхаа дараа Г.Ариунболд сэжигтэн Б.Ханбаатарын гар утсаар хохирогч Б-г дууджээ. Ингэхдээ “Н.Ганзоригийнд малын гоц халдварт өвчин гарч, дөрвөн үхэр үхчихсэн байна. Яаралтай ир. Удахгүй жолооч Эрхэмтөр чамайг очиж авна. Цааш нь хүнд мэдэгдэх хэрэггүй, нууцал” гэж ярьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б.Хан баатар баривчлагдсаныхаа дараа мэдүүлэхдээ “Согтуу байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Б-тэй машиныхаа арын суудал дээр бэлгийн харилцаанд орсноо л санаж байна.
Зодож, цохисон зүйл байхгүй” гэж байсан. Гэвч хэргийг шалгах явцад гэрч, хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Сэжигтэн ч хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1, 126.2 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн.
Харин хохирогчийг тухайн үед худал ярьж утсаар дуудсан тул хэргийн хамсаатан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан ЗДТГ-ын дарга Г.Ариунболд хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон байна.
Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаад, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст өнгөрсөн сард шилжүүлжээ.
Д.БАТЛУТЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут аравдугаар сарын 10-нд Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах “Сэлэнгэ” амралтын газарт иргэн Э-г зодож гэмтээсэн хэрэг гарсан. Манжуураас ирсэн зочдыг хүлээн авах хүндэтгэлийн хүлээн авалтын дараа ийнхүү танхайрсан гэдэг.
Хохирогч Э тэр шөнөдөө Булган аймгийн эмнэлэгт анхан шатны тусламж аваад, биеийн байдал маш хүнд байсан учир ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлж эхэлсэн. Тэрбээр ирсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон байна. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар эрүү, нүүр, нүд орчмынх нь ясыг хадсан.
Мөн хэд хэдэн газарт хадах боломжгүй хэмээн үйрч, бутарсан ясыг нь авч гэрийнхэнд нь өгсөн гэнэ. Мөн тархины суурь яс хоёр газарт цуурчээ. Одоо түүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Учир нь түүний нэг нүд харалган болж нөгөө нь маш муу харж байгаа гэнэ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Д.Батлутын хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн.
Өдгөө түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн гэнэ. Энэ зүйл ангид “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтэнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
ЗАСАГ ДАРГА ОРШИН СУУГЧДАА ЗАЛИЛСАН УУ
Хорооны Засаг дарга эмэгтэй хуурамч бичиг баримтад тамга дарж баталгаажуулан оршин суугчдыг залилсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон. Уг хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан билээ.
Тус хорооны Засаг дарга Б.Нарангаваа хуурамч баримт бичиг ашигласан Д.Солонго гэгчид “Сууц өмчлөгчдийн холбооны хурал болсон нь үнэн” гэх утгатай тодорхойлолт гаргаж өгсөн аж. Үүнээс болж тус хорооны нутагт байрлах “Нарлаг өргөө” хотхоны иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учруулжээ.
“Нарлаг өргөө” хотхоныг “Эйч Эс Би” компанийн захиалгаар “Тэдмэнт” ХХК барьж, 2014 онд хоёрдугаар сард ашиглалтад өгсөн аж. 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Нарлаг өргөө найрсаг хотхон” нэртэй өдөрлөг зохион байгуулсан гэнэ.
Оршин суугчдадаа ямар ч мэдээлэл өгөөгүй байж өдөрлөгийн дараа СӨХ байгуулах хурал болж, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон баталсан гэж “Тэдмэнт” компанийнхан тайлбарласан аж. Түүнчлэн өдөрлөгийг сонирхохоор ирсэн иргэдийн зургийг авч, СӨХ-ны хуралд оролцсон иргэд хэмээн холбогдох материалд хавсаргасан байна.
“Нарлаг өргөө” хотхоны айлуудаар явж тэр зургийг үзүүлж СӨХ байгуулахаар хуралд оролцсон иргэд хэмээн танилцуулан, гарын үсгийг нь авсан талаар оршин суугчид нь ярьж байв.
Ингэж бүрдүүлсэн хуурамч бичиг баримтаар иргэдээс СӨХ-ны төлбөр хэмээн автоматаар мөнгө хурааж одоогийн байдлаар 19 сая төгрөгийн хохирол учруулаад байна.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулахаар гомдол гаргасана гэж “Нарлаг 5” СӨХ-ны дарга Ж.Буянтогтох ярьсан.
Д.ГАНЦОГТ ИТХ-Д БАЙХАД ТОХИРОХГҮЙ ГЭВ
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч Д.Ганцогт өнгөрсөн сарын 7-нд аймгийн ИТХ-ын ажлын албаныхандаа агсам тавьж, танхайрчээ.
Тэрбээр ИТХ-ын ажилтан Г-г толгойд нь хоёр удаа цохиж, боомилж төмөр шүүгээ мөргүүлсэн. Улмаар хараалын үг урсган бүдүүлэг авир гаргасан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газраас Д.Ганцогтыг саатуулан шалгаж эхэлсэн.
Шүүхийн шийдвэрээр Д.Ганцогтыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч байх эрхийг нь түдгэлзүүлээд байгаа аж. Түүний одоогийн хашиж буй албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан
хаагчийн хаших ёстой ажил байтал, Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасан хориглох заалтыг зөрчин аймгийн Засаг дарга тус албан тушаалд улс төрийн албан тушаалтай Д.Ганцогтыг томилсон гэнэ. Энэ хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг.
Тэгэхээр аль ч утгаараа энэ хүн ИТХ-ын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх ёсгүй гэсэн үг аж. Хуулиараа ч, хийсэн үйлдлээрээ ч энэ албан тушаалд тохирохгүй Д.Ганцогтыг Засаг дарга М.Бадамсүрэн хамгаалж байгаа гэж нутгийн зарим хүн ярьж буй.
М.БАТЖАРГАЛЫГ ГҮТГЭСЭН ГЭНЭ
Өнгөрсөн сарын 9-нд Архангай аймгийн ЗДТГ-ын албан хаагчид Ихтамир сумын “Тайхар чулуу” амралтын газарт салхинд гарах үеэр Засаг даргын орлогч, улсын харцага М.Батжаргал, Төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн нар аймгийнхаа байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Л-ыг зодож хүнд гэмтээсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, шуугиан дэгдээсэн.
Тэд хохирогчийг үзэл бодлоор нь ялгаварлан, дарамталж, улмаар бүлэглэн зодож, танхайрсан хэмээн мэдээлж байв. Гэвч энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй болохыг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Учир нь хохирогч гэх Л-ыг зодсон үйлдэл нотлогдоогүй, гэмтлийн зэрэг ч тогтоогдоогүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Тэгэхээр ямар зорилгоор ийнхүү худал мэдээлэл цацсаныг ч тогтоох хэрэгтэй болов уу. Хэрэв үнэхээр үндэслэлгүйгээр хүн гүтгэж, нэр төрд нь халдсан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртайсан.
Х.ЗОЛЖАРГАЛ